Нэвтэрч байгаа хэрэглэгчийн үнэн төрхийг нууцалж, гүний вебээр чөлөөтэй хэсүүчлэх боломж олгодог TOR системийг хөгжүүлэхийн тулд жилд хэдэн сая доллар зарцуулдаг. Нэгдсэн Улсын Тэнгисийн Цэргийн лаборатори анх хөгжүүлж эхэлсэн энэ төслийн багийнхан одоо Засгийн газраас хараат бус болохоор ажиллаж байна.
Ингэснээр 2016 он гэхэд Засгийн газрын хөрөнгө оруулалтыг 50 хувь хүртэл бууруулж үлдсэн мөнгийг өөр эх сурвалжаас авахаар тогтжээ
Хамгийн сүүлд гаргасан татварын тайлангаас үзэхэд 2013 онд төслийн багийнхан АНУ-ын Засгийн Газраас 1,8 сая ам. доллар буюу жилийн төсөв болох 2,4 сая ам. долларын 75 хувийг авчээ.
TOR системийг хөгжүүлэгчид Испанид хоёр жилд нэг удаа болдог уулзалтынхаа үеэр энэ мэтчилэн Нэгдсэн Улсын Засгийн Газраас авдаг санхүүжилтээ танах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Ингэснээр 2016 он гэхэд Засгийн газрын хөрөнгө оруулалтыг 50 хувь хүртэл бууруулж үлдсэн мөнгийг өөр эх сурвалжаас авахаар тогтжээ. Гэхдээ эхний ээлжид өөр эх сурвалж гэдэг нь Европын Холбоо мэтийн томчууд байх аж.
Харин эцсийн зорилго нь ямар ч засгийн газрын оролцоогүй цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх. Учир нь өнгөрсөн онд төслийн багийнхны төсөөлж байснаас ч их хөрөнгө оруулалт хувь хүмүүсээс ирсэн төдийгүй 2015 онд өсөх хандлагатай байгаа.
Жишээ нь 2014 онд Tor веб хөтчийг нийт 120 сая удаа татсан аж. Шинжээчдийн үзэж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Гүний веб” ялангуяа “Торгоны зам” сайтын тухай ихээр бичих болсон нь үүнд нөлөөлжээ.
Түүнчлэн төслийн багийнхан энэ тавдугаар сард “Олон нийтийн санхүүжүүлэх аян” явуулахаар болсон байна. Засгийн газрын санхүүжилтийг зогсоох гэж байгаа үндсэн шалтгаан нь “TOR бол хэний ч үнэн төрхийг илчлэхгүй нэртэй хүмүүсийг төөрөгдүүлж, үнэхээр хэн нь юу хийгээд байна гэдгийг мэдэх гэсэн АНУ-ын Засгийн Газрын явуулга” гэх цуу яриа гарсан явдал юм.
Тиймээс энэ яриаг таслан зогсоож, хувь хүмүүсээс санхүүжилтээ бүрдүүлж чадна гэдгээ батлан, анхны зорилго болох “Эрх чөлөөт интернет”-ийг бүтээх ажлаа үргэлжлүүлэхийг тэд хүсжээ.