Үүлэн орчинд файл хадгалж, хүмүүстэй хуваалцах боломжийг олгодог Dropbox-г мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. 5 жилийн дотор маш хурдтай өсөлтийг үзүүлэн 0-100 сая хэрэгчтэй болж чадсан сүрдмээр үзүүлэлтийг үзүүлсэн юм. Хамгийн гайхалтай нь тэд үүнийг ямар ч зар сурталчилгааны зардалгүйгээр хэрхэн хийсэнд байгаа юм. Тэдний хийсэн зүйл бол ердөө л хэрэглэгчдээ итгэх итгэл, энгийн байдал байв.
Dropbox-н үүсэл:
2007 оны эхэн үед Drew Houtson-д нэгэн бэрхшээл тулгарчээ. MIT-д оюутан байсан тэрээр чухал даалгавраа хийсэн Flash дискээ гэртээ мартсан байлаа. Уг үйл явдлаас тэрээр Dropbox-н санаагаа олсон байна. Тухайн үед хэд хэдэн компьютерын дунд файл дамжуулахад маш төвөгтэй байв. Хэн нэгэн үүнийг маш оновчтой байдлаар одоог болтол шийдвэрлээгүй байгаад нь түүний урам хугарч байлаа. Тухайн үед байсан интернет үйлчилгээнүүд төдийлөн сайн байгаагүй нь түүнийг маш их зүйлийг бодоход хүргэсэн байна. Тиймээс тэрээр илүү дээр файл sync хийдэг аппликейшн хийхээр шийджээ. Үнэхээр энэ зүйл хүмүүст ажил хийхэд нь асуудал болж байгаа эсэхийг 4 сарын турш зохих хүмүүстэй ярилцан баталгаажуулсны эцэст өөрийн санаан дээр ажиллан анхны загварыг гаргасан байна. Үүний дараа тэрээр өөрийн санааг ажил хэрэг болгохоор Сан Франциско хотод орших инкубатор Y Combinator уруу явжээ. Тэнд байх хугацаандаа тэрээр аппликейшнаа Y Combinator-н HackerNews дээр урьдчилсан байдлаар тавьжээ. Энэ нь хэрэглэж үзсэн хүмүүс ямархуу сэтгэгдэлтэй байгааг мэдэхээс гадна, алдаа дутагдлаа мөн мэдэж авах боломжийг олгосон аж. Зарим нэг хүмүүсээс маш үнэтэй зөвлөгөөг хүртэл өгсөн байна.
Houston инкубатороо амжилттай дуусган Y Combinator-оос 15,000$-н гарааны санхүүжилт авч чадав. Ийнхүү Drew Houston өөрийн хамтран зүтгэгч MIT-н оюутан Arash Ferdowski-тай хамт гарааны компаниа байгуулсан юм. Сүүлд Google, Yahoo зэрэг компаниудад санхүүжилт хийж байсан Sequoia Capital-аас 1.2$ сая долларын хөрөнгө оруулалт авсан. Dropbox анх 2008 онд нээлтээ хийн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэв. Тэдний хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол хэрэглэгчтэй болох байлаа. Яг л бусад бүх үйлчилгээнүүдийн хийсэнтэй адилаар тэд ч мөн Google дээр зар сурталчилгаагаа байршуулж эхлэв.
2008 оны төгсгөл гэхэд Dropbox их хэмжээний мөнгийг Google Adwords (зар сурталчилгааны үйлчилгээ)-т зарцуулсан байлаа. Сурталчилгаанд мөнгө зарж байсан хэдий ч энэ үр дүн муутай байв. Асуудлын гол нь Dropbox бол хэрэглэж үзэхээс нааш хүн ойлгоход тун бэрх үйлчилгээ. Үйлчилгээг тайлбарлан хэлэхэд төдийлөн тохиромжтой бус байв. Зар сурталчилгаа хийх хэлбэрүүд юм бүхэнд тохирохгүй гэдгийг эндээс харж болох юм. Өөрт таарсан оновчтой хэлбэрийг олж хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Dropbox үүнийг л хийсэн юм.
1. Үйлчилгээг тайлбарласан 4 минутын видео танилцуулга.
Анх үйлчилгээг ингэж тайлбарлаж байв. “Dropbox танд өөрийн бүхий л компьютер дээр файлтай тусгай хавтас үүсгэх боломжийг олгоно. Үүний дараагаар Dropbox sync хийж аль компьютерыг ашиглаж байгаагаас үл хамааран бүх хавтасууд ижилхэн болно.” Уншихад ч урт, ойлгоход ч төвөгтэй байгааг та харж байгаа байх. Илүү хялбараар ойлгуулах үүднээс үүсгэн байгуулагч Drew Houston үйлчилгээг тайлбарласан 4 минутын богинохон видео танилцуулга бэлдэв. Энэ зүгээр ч нэг танилцуулга биш мөн үзэгчдэд ямар хэрэгтэй болохыг ойлгуулсан бичлэг болов. Энэ бичлэгээр Dropbox-г ашиглан юу хийж болох бүхий л зүйлсийг харуулав. Дараагаар нь уг бичлэгээ Digg сайтад байршуулсан явдал нь байгаа онов. Digg (интернет орчин дахь онцлох мэдээллийг багцлан үзүүлдэг сайт) хэрэглэгчдэд видео таалагдсанаас гадна маш их хүн үзсэн байлаа. Видео тавигдсан орой буюу нэг шөнийн дотор 70,000 хүн Dropbox-д бүртгүүлэв. 4 минутын ганц видео(үзэх) энэ бүгдийг хийсэн гэхэд итгэмээргүй. Эхэлсэн цагаасаа хойш 5000 хүн бүртгүүлсэн байсан үйлчилгээ нэг шөнийн дотор 75,000 болов.
Эндээс бид бүхэн 2 зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Нэгдүгээрт та өөрийн бүтээгдэхүүнээ ухаалгаар танилцуулах хэрэгтэй. Хэрвээ үгээр илэрхийлэхэд төвөгтэй байгаа бол зүгээр л түүнийг үзүүл. Одоо бол Google, Apple гээд том компаниуд бүтээгдэхүүний танилцуулга видеог маш сүрдмээр хийдэг болсон. Гол нь Dropbox-н ашигласан энгийн байдлаар харуулсан видео ихэнх тохиолдолд амжилт авчирна гэдгийг хэлмээр байна. Дан ганц видео гэлтгүй зураг, screenshot зэрэг зүйлсийг ашиглах хэрэгтэй. Зүгээр нэг текст байснаас хамаагүй үр дүнтэй.
Хоёр дугаарт хэнд зориулж хаана сурталчилгаа хийх үү? гэдэгт байна. Drew бол өөрөө Digg-н хэрэглэгч байсан тул сайт хэрхэн яаж ажилладаг, ямар төрлийн хүмүүс ашигладаг зэрэг бүгдийг мэддэг байсан юм. Тэр видеогоо Digg-н хэрэглэгчдэд л зориулж хийсэн.
2.Хэрэглэгчдээр Dropbox-г түгээлгэв.
Ямарваа нэг үйлчилгээг түгээх хамгийн сайн арга бол Аман Маркетинг. Найзууд бие биенийхээ санал болгосон зүйлд шууд итгэдэг. Мөн найзуудаас нь хэн нь уг үйлчилгээг сонирхож, хэрэглэж болохыг зөвхөн тэд л мэднэ. Сэтгэл хангалуун байгаа хэрэглэгч бусадтай юу ашиглаж байгаагаа хуваалцах дуртай байдаг. Энэ нь нэг талаараа найзууддаа онгирч байгаа л хэрэг л дээ. Харин та энэ үйлдлийг маш хялбараар хийх боломжоор хэрэглэгчдийг хангах ёстой.
Google Adsense төдийлөн үр дүнтэй бус байсан учир тэд анхаарлаа хэрэглэгчид уруу хандуулав. Тэд нэгэн нөхцөлт аянг явуулахаар шийджээ. Хэрэглэгч хэрвээ үйлчилгээг Facebook дээр share хийх, Твиттер дээр дагах, үйлчилгээг санал болгож найзууддаа э-мэйлдэх зэрэг зүйлийг хийвэл өөрийн Dropbox багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой болох байв. Урам орсон хэрэглэгчид нэмэлт багтаамж авахын тулд бүхий зүйлийг хийж байлаа. Аян эхлээд 30 хоноход Dropbox-т 2.8 сая хүнийг урьсан байв.
Та өөрийн үнэгүй 2GB-н эрхтэй аккаунтаа 5GB болон түүнээс их багтаамжтай болгох бүрэн боломжтой. Хэрхэн нэмэлт багтаамж авахыг доорх зургаас харна уу.
Сургамж: Хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг санал болгох үндсэн дээр өөрийн үйлчилгээг түгээн сурталчлах. Хамгийн гол нь таны бүтээгдэхүүн хүмүүсийн хэрэглэхийг хүссэн, хангалттай сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ байх ёстой. Танихгүй нэгнээс бус найзынхаа санал болгосон зүйлийг хүмүүс хэрэглэх нь их. Тиймээс хэрэглэгчдээр үйлчилгээг санал болгуулах нь өөрөө хамгийн сайн зар сурталчилгааны хэлбэр юм.
Dropbox энэ хоёр аргын тусламжтай маш их амжилтын эзэн болсон. Та ч гэсэн энэ хоёр аргыг өөрийн бизнестээ ашиглаж болох юм.
Дараа нь юу болсон бэ?
Энэ бүхний дараа Dropbox хэрэгчдийн тоо хурдтай өсөж байлаа. Хуульч, багшаас эхлээд оюутан сурагчид гээд дэлхийн өнцөг булан бүрт орших хүмүүс өөрсдийн чухал гэсэн файлаа Dropbox ашиглан хадгалах болсон байна. 2011 оны 10 сард гэхэд Dropbox 50 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй болж, энэ зах зээлийн 14,4%-г эзлэх болж. Үнээс хойш жил хүрэхгүй хугацаанд хэрэглэгчдийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 300,000,000 гарам хэрэгчтэй болоод байна.
Эх сурвалж: youngreader.mn