Онлайн худалдааны Амазон компани өнөөдөр Amazon Underground нэртэй шинэ App Store нээж байгаагаа зарлалаа.
Энэ дэлгүүрийн онцлог бол бүх аппликэшн нь бүрэн үнэ төлбөргүй. Ямар нэг аппликэшн дотрох нэмэлт худалдан авалт ч байхгүй.
Гэхдээ эдгээр аппликэшнүүдийн үнэтэй хувилбарууд Амазоны уламжлалт App Store-т байх юм. Нэг үгээр хэлбэл үнэтэй аппликэшнүүдийн үнэгүй хувилбарууд бүгд энд бас байгаа.
Харин апп хөгжүүлэгчдэд Амазон мөнгө төлнө. Ингэхдээ хэрэглэгч аппликэшнийг нь хэдэн цаг, минут ашигласнаар нь төлбөр төлөх юм.
Үнэ тарифийн хувьд хэрэглэгчийн ашигласан минут тутамд АНУ-ын зах зээлд бол $0.0020 хөгжүүлэгчид нь төлөх гэнэ.
Ингэж ажиллах шинэ бизнес загвараа Амазон нэг удаагийн урамшуулал биш, урт хугацаанд хэрэгжих төсөл гэж зарлажээ.
Хэрэглэгчдэд маш том давуу тал өгч байгаа ч хөгжүүлэгчдэд хэр өгөөжтэй байх нь одоохондоо тодорхойгүй байна.
Амазон компаний гаргасан мэдэгдэл:
Гэхдээ энэ дэлгүүрт үйлчлүүлэхийн тулд хэрэглэгч Андроид утсан дээрээ Underground нэртэй аппликэшнийг суулгаад түүгээрээ дамжиж нэвтрэх юм. Хэрвээ Амазоны өөрийн үйлдвэрлэсэн Fire Phone зэрэг төхөөрөмж ашигладаг бол ингэх шаардлагагүй, автоматаар суусан байх гэнэ.
Underground аппликэшнийг суулгахдаа Андроид утаснаасаа http://amazon.com/underground хаягаар ороход татах холбоос гарах юм.
ikon.mn