2015-08-25

Түүх биднээр тохуурхаж байна



Түүх заримдаа бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнээр, тэдний хувь заяагаар тохуурхан тоглодог. Ийм үзэгдэл түүхэнд олонтаа давтагддаг ажээ. Түүхэн их эргэлтийг хийхдээ ард түмэн нэгэнт үеэ өнгөрөөсөн бүхнийг таягдан хаяж, шинэ илүү давшингүй нийгэм, хөгжлийг зорилгоо болгон тэмүүлдэг. Гэтэл тодорхой хугацааны дараа тэдний өнөөх хүсэн хүлээж байснаас нь тэс ондоо үр дүн гарч, нийгмийг гүн шоконд оруулж, гайхшруулан алмайруулах нь бий. Түүхэн зүйн ийм үзэгдлүүдийг Гегель анзаарч ажиглаад “Түүхэн тохуурхал” хэмээн нэрийджээ. 
Яг ийм ТҮҮХЭН ТОХУУРХАЛ өнөө биднийг нөмөрсөн байна. Түүх биднээр тун адтай, хоржоонтой тохуурхаж байна.
Яаж тохуурхаж буйг хэдхээн зүйл дээр жишээ болгон тогтож үзье. Учир нь энэ тохуурхал улс төр, эдийн засаг, түүх, ёсзүй, гүн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарсан үзэгдэл тул нэг нийтлэл төдийд базахад бэрхтэй.

-    Хүнд суртал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид төрийн хүнд суртлын эсрэг жагссан, тэмцсэн. 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв. Гэтэл өнөө тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихаж ээ. Өнөө хүнд суртал ямар яршиг төвөгтэй байгааг тоочилтгүй, бүгдээр мэднэ.

-    Намжсан төр: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид намжсан төрийн эсрэг жагссан, тэмцсэн. Тухайн үед Монголын төр бол МАХН байсан. МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн бүхий л асуудлуудыг шийддэг байв. Захын суманд хүртэл Сумын МАХН-ын үүрийн товчоо сумын бүх ажлыг хянадаг, шийдвэр гаргахад чухал нөлөө, дарамт үзүүлдэг байв. Намын гишүүн болохгүй л бол хичнээн авьяас чадвартай байгаад ямар ч боломж олддоггүй байв. Бид энэ байдлаас гарахын төлөө тэмцсэн. 
Гэтэл өнөөдөр үзэл сурталжсан намаас хамаарсан төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Өмнө үзэл суртлаар бүхнийг хянаж, цагдаж, түүнд нийцүүлдэг байсан бол өнөөдөр цөөнх олигархуудын эрх ашигт нийцүүлж, тэдний үзэмжээр төрийн ажил явдаг болсон. Үгүй ядаж л ямар нэгэн үзэл санаа байдаг бол арай дээр байхсан, олигархуудад өөрсдийнх нь эрх ашгаас өөр ямар ч үзэл санаа гэж байхгүй юм. Аль нэгэн намын гишүүн байж, тэр намдаа үхэн хатан харанхуйгаар зүтгэхгүй л юм бол төрд үнэнч шударгаар зүтгээд ер нь бараг л нэмэргүй, яагаад гэвэл нэг л өдөр аль нэг намын боловсон хүчин нэртэй хийрхэгч ирээд ажлыг чинь авна. Тиймээс төрд ажиллагсад өөрийн эрхгүй намжиж, намчирхаж эхэлнэ. 

-    Хэвлэлийн эрх чөлөө: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Нэг намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлсэн, өөр бусад үзэл бодлыг хавчин хяхсан тийм хэвлэл мэдээллийн орчинг шүүмжилж, олон ургалч үзэл чөлөөтэй өрсөлдөж байдаг хэвлэлийн эрх, эрх чөлөөг хүссэн билээ. 
Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нэн тодорхой эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг болсон. Жишээ нь “Өдрийн сонин”-д Баабар, Элбэгдорж нарыг шүүмжилсэн ямар ч өгүүлбэр гарахгүй, “Өнөөдөр” сонинд С.Баяр, Н.Багабанди нарыг шүүмжлэхгүй. Харин тэдний эсрэг бүлэглэлийг бол газрын гаваар ортол нь муулна, шүүмжилнэ. ТВ, Радио ч мөн адил. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүдээс шууд хамааралтай болж, тэдний хоорондын өрсөлдөөний талбар болж хувирснаар нийгэмд бодитой, голчтой мэдээлэл хүрэх боломж хомсдож, энэ нь нийгмийн талцлыг улам бүр дэвэргэх болсон билээ.
Сэтгүүлчид зөвхөн эздийнхээ хүсэлтээр хөлсөөр юм бичиж, амь зуудаг болсон. Нийгмээ үнэн бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн үндсэн үүргүүд хөсөр хаягдсан. Ингэснээр олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чухам үнэн зөв мэдээллийг хүлээн авахад нэн бэрхтэй болсон байна. Бид хэвлэл мэдээллийн ийм эрх, эрх чөлөөг хүсэж хаврын тэр жаврыг сөрж жагсаагүй.

-    Хууль, шударга ёс: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид шударга ёсны төлөө, хуулийг гууль болгодог бурангуй явдлын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан. Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгыг бүр мартах шахаж байна. Шударгаар явах гэж оролдох аваас энэ цагийн урсгалд хөл нийлэхгүй болж, адлагдан ад үзэгдэж, хавчигдаж, шахагдаж, тэр бүү хэл зарим тохиолдолд амь амьдралаараа хохирох болов. Шударга ёс хэрхэн гажсаныг маш энгийн зүйлээс анзаарч болдог. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан нь байрнаасаа хөдлөхөд бэрх болоод, дүрэмгүй улайран дайрсан нь завшин явж болдог зовлонг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр мэднэ. Энэ бол нийгэмд нийтдээ шударга ёсны мэдрэмж алдагдсаны нэг тод илрэл юм. Хуучин цагт буюу БНМАУ-ын үед орон даяар 160 гаруй хууль тогтоомж хэрэгжиж, хуулийн хэрэгжилт 96 хувьтай байжээ. (Энэ тоо ихээхэн эргэлзээтэй, гэвч их хэтрүүллээ гэхэд 10 хувиас хэтрээгүй.) Гэтэл өнөөдөр Монгол Улсад 900 гаруй хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь 50 хүрэхгүй хувьтай. Хуучин цагт хууль гууль болох явдал байсан бол одоо хууль зүгээр л хогийн шарилж болж хувирсан. “Хуулийг зөрчих гэж гаргадаг юм” гэсэн хачин сонин аксиом энэ хорин жилд гарсан билээ. 
Шүүх засаглал захиалгаар үйлчилдэг болов. Хэн төр, шүүх засаглалын эрх мэдлийг авна, түүнд үйлчилдэг шүүх засаглалтай болж хувираад байна. Эцсийн эцэст Монголын шүүх засаглал эрх мэдэл, эрх ашиг, их орлогын төлөө улайран тэмцсэн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувираад байна. Энд шударга ёсны тухай ямар ч ойлголт байхгүй болно. 

-    Авилгал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид авилгалын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт авилга авдаг байж, гэхдээ тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв. Тэр үед Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороо гэж хоёр аймшигтай газар байсан ба энэ хоёр аймшгийн газрын хараанаас мултарч авилга авна, өгнө гэдэг амаргүй байжээ. Харин одоо авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болсон. Ерөөс авилга ямар түвшинд болсныг олон зүйл нуршилтгүй бүгдээр мэднэ. Авилгын индексээрээ бид дэлхийн улс орнуудыг хойноосоо манлайлдаг. МАН-ын үед 30 хувьтай байсан авилгал АН-ын үед 40 хувьд хүрснийг олон бизнес эрхлэгчид халаглан ярих болов.

-    Хэлмэгдүүлэлт: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоосоо болж хэлмэгдэхийн эсрэг жагссан, тэмцсэн. Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд хүртэл хоригдох явдал байсан. Гэхдээ хавтгай биш, тоолбол хэдэн зууд ч хүрхээргүй байв. Гэхдээ л бид үүний эсрэг тэмцсэн юм. 37 оны их хэлмэгдүүлэлтийг эргэн харж, цагаатгахын төлөө жагссан. 
Харин өнөө нэг нам засгийн эрхэнд гарангууд сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроглон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон. Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан. 
90-ээд оноос хойш хэрэгжсэн чөлөөт өрсөлдөөн нэртэй ч “Өрсөж булаа” гэсэн далд уриа, зарчимтай увиагүй өрсөлдөөний үр дүнд монголын балчир үрс хэдэн мянгаараа гудамжинд гарч, охид бүсгүйчүүд хэдэн мянгаараа янхан болж, залуус мянга мянгаараа гэмт хэрэгтэн болж, хэдэн зуун мянган монгол хүн, өрх гэрүүд ядуурлын аймшигт хавцал руу хийсэн амь, амьдралаараа хэлмэгдсэн билээ. Ядуурал, бусармаг сэтгэлгээ хэтэрсэнээс үүдэн хэдэн зуун мянган үрс эхийнхээ хэвлийд ирт мэсэнт хирчүүлэн хороогдон хэлмэгдсэн билээ. Хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт бол шударга ёсонд, сайн үйлд итгэсэн хүмүүний сэтгэл зүрх гутаагдан доромжлогдож, хэлмэгдсэн явдал юм. Хорин жилд монголд хамгийн эрчимтэй баригдсан бүтээн байгуулалт бол шорон байдаг бөгөөд энэ хугацаанд төсвийн зардлаар 20 шорон шинээр баригдсан бол төсвийн зардлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэд баригдсаныг тоолох гэтэл олдоогүй болно.  

-    Тусгай хангамж, алагчлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид сайд дарга нарын тусгай хангамжийг эсэргүүцэж, ард түмнээ алагчилдагийг өөрчлөх гэж жагссан, тэмцсэн. Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв. Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв. Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөө дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Гэхдээ үүнд чанарын ялгаа их бий. Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж, Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов. Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт нь эгнэн, цэргийн казармид байгаагаас ч дор нөхцөлд шахцалдан эмчлүүлсэн нэртэй ядаргаа, стрессийн туйлд орж байхад дарга нар Тайландын нэг удаагийн үзлэг нь хагас саяын үнэтэй эмнэлгийн  хаалгаар хэдэн талаасаа дэмнүүлэн ярвайсхийн орж явах. 
Төрөөс жил бүр багагүй хэмжээний зардлыг монголын залуусыг гадаадад их дээд сургуульд сургахаар гаргадаг ч тэр зардал ихэвчлэндээ дарга нар, баячуудын хүүхдүүдэд ногдож, тэдгээр эрхийн тэнэгүүд тэнд очоод сурсан ч юмгүй зугаалж наргиж аваад, эцэс сүүлд нь түмэн олондоо тус болох нь бүү хэл төрсөн биедээ ч нэмэр болох юм сурсангүйгээр барахгүй төрд буцаагаад төлсөн ч юмгүй гол гаргах нь олон болж... (Сайн суралцсан, үр бүтээлтэй ажил хөдөлмөр хийж яваа залуус бий ч тэд цөөнх юм шүү.)

-    Тусгаар тогтнолын баталгаа: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид тусгаар тогтнолоо улам бүр баталгаатай болгохын төлөө, “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” улс төрийн болоод эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрахын төлөө жагссан, тэмцсэн. Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, монголын улс төр бараг бүрэн хараат байв. Монголын улс төрийн бодлого Кремлд боловсорч, түүнийг сөрсөн монголын улс төрчид нэг нэгээрээ хойно учир битүүлгээр нас барж байв. 
Гэтэл өнөөдөр монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпорациудаас шууд хараат байдалтай болсон байна. Тэд их мөнгөөр монголын эрх мэдлийг атгаж буй улс төрчдийг, улс төрийн намыг худалдан авч, өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо. 
Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт орсон ба тэдгээр хувьд гарсан газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаа хэрэг юм. Мөн манай эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс, гэхдээ ганц Эрээний боомтоос шууд хамааралтай болж хувирсан.  С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч олон улс төрчид мөн л учир битүүлэг байдлаар хорвоогоос хальсаар байна. 
Тусгаар тогтнолын нэгэн нэн чухал баталгаа болдог үндэсний эв нэгдэл өнөөдөр тун эргэлзээтэй болов. Үзэл санаа, концепцийн өрсөлдөөн бус аль нэг намыг мухар сохроор дагасан утга учиргүй хийрхэл ард түмнийг хоёр талцуулж, насаараа нэг жалганд амар жимэр хаяа хатган суусан хоёр хөгшнийг хүртэл нэг нэгнийхээ босгыг алхуулахгүй болтол нь талцуулж байна. Нийгмийн дотор баян ядуугийн ялгарал хол зөрөөтэй болж, баячууд нь ядуусыгаа арчаагүй, залхуу, боловсролгүй хэмээн ад үзэн шоовдорлох, ядуучууд нь баячуудыгаа шунахай, луйварчин, дээрэмчин гэж үзэн ядах сэтгэл зүй хэдийнэ бүрэлдэж бий болсон байна. 
Үлгэрлэвэл бидний тусгаар тогтнол нэг чонын өмнө байсан бол одоо олон чонын өмнө оччихсонтой адил болжээ. Энэ байдлыг анзаарсан Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл тун удалгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ. 

-    Үзэл суртлын дарангуйлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид нэг үзэл суртлаас ангижирч, олон ургалч үзлийн төлөө жагссан, тэмцсэн. Хэт туйлширсан нэг үзэл суртлын дөнгөнөөс ч салж чадсан билээ. Гэвч бид олон ургалч үзэл бүү хэл бүр ямар ч үзэлгүй болж хоцров. Ядахдаа улс үндэстнийхээ хөгжлийн үзэл санаа, баримтлал ч үгүй болсон. Үзэл санаагүй нийгэм аяндаа өөрөө үжирч ганддаг юм. Бид наанаа өндөр өндөр байшин сүндэрлүүлж, өнгөлөг сайхан машинаар давхилдавч цаанаа ямар ч хөгжлийн тойм, итгэл, чиглэлгүй болчихжээ. Нэгэнт хөгжлийн тойм, чиглэлгүй болчихсон ард түмэн урьд өмнөхөөсөө бүр ч илүүгээр тун хялбархан тархиа угаалгаж, утга учиргүй туйлширч, намаараа талцан хагаралдах болов. 

-    Гадаадын мөлжлөг: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид ЗХУ болон бусад орнуудтай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг (энд зориуд “зарим” гэж орууллаа. Гэрээ бүхэн эрх тэгш бус байгаагүй, манайд ашигтай гэрээ их олон байсан билээ) эсэргүүцэж жагссан. Монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байсныг шүүмжилсэн. Бид өөрсдөө ч мэдээгүй байтлаа 11 тэрбум шилжих рублийн өртэй болчихсон байсныгаа шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр тэр шүүмжилж байсан гэрээнээсээ хэдэн арав, зуу дахин ашиггүй гэрээг бид Оюутолгой, Тавантолгойн томоохон ордууд дээрээ байгуулчихсан, Ерөнхийлөгч нь “Одоо яая гэх вэ? Онгон охиноо хүнд өгсөн, одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт өнгөрсөн” гэсэн утгатай зүйл яриад сууж байх юм. Бид хуучин ЗХУ-д төлөх ёстой 11 тэрбумын төлбөр ялбараас олон жилийн шургуу гэрээ хэлцээ, тэмцлийн үр дүнд 98 хувийг нь хасуулж байж арай гэж цаана нь гараад эргээд хартал дахиад тийм хэмжээний өртэй болчихсон сууж байх юм. Энэ өр хорогдох биш улам бүр эрчтэй нэмэгдэж байгаа. 
Манай байгалийн баялгыг, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүдийг монгол оронд ямар ч үнэ цэнэгүйгээр хуу хаман цөлбөх үйл явдал сүүлийн жилүүдэд өрнөлөө. Өрнөсөөр л байна. “Бороо гоулд”-ыг жишээ болгон ярьдаг ч түүнээс үй олон уурхай, баялаг гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний халаасыг л зузаатгаад бусад хувь нь гадагшаа урсдаг урсгал хэвээр байна. 

-    Ил тод байх: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид эрх баригчдыг ил тод байхыг шаардсан. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ил тод ярьж, элдэв гэрээ хэлцэл, өр зээл, аливаа шийдвэрээ ард түмэндээ илт тод болгохын төлөө жагссан, тэмцсэн. 
Гэтэл өнөөдөр ил тод байдал бүр үгүй болж, гадаадын томоохон компаниудаас санхүүждэг нам дамжсан бүлэглэлүүдийн хуйвалдаан далдын далд өрнөж, тэр хуйвалдаанаар ард түмний хувь заяа шийдэгддэг болсон. Эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдээр үе үе мэдэгдэл хийж, ил тод царайлах авч, үнэн чанартаа жинхэнэ шийдвэр нууц хуйвалдааны үед л гардаг болсон. 
Хэдэн арван тэрбумыг завшсан хэргүүдийн тухай үе үе хэвлэл мэдээллээр шуугидаг ч тэгэсгээд нам гүм болж замхарсаар байна. Цөөхөн, тун цөөхөн хэрэг шийдэгдэж, эзэн холбогдогч нь ял авдаг ч шударга ёсны үйлчлэлээр гэхээсээ илүүгээр улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцлийн золиос болон шийдэгдсэн гэвэл илүү үнэнд нийцнэ. 
Амьд гэрчтэй, эд мөрийн баримттай С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг өдий болтол хав дараастай байна. Асар их эрх мэдэл, эд хөрөнгөтэй, нам дамжсан хүчирхэг бүлэглэл цаана нь байгаагаас л өдий 15 жилийн турш чимээгүй байна. Ил тод байдлын тухай мөрөөдөх ч аюултай болсон биш үү. 

-    Үзэл бодлын чөлөөт байдал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоо, үгээ чөлөөтэй илэрхийлэх, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэн дээдлэх эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Тэр цагт үзэл бодлын маргаан нь зөвхөн нэг намын үзэл суртлын хашаан дотор л байж болдог, тэр хашаанаас нь гадуур өнгийж харах, соц үзэл сурталд эргэлзэх аваас хавчиж хяхдаг, пионер, эвлэл, намын хурлаар хэлэлцдэг, донгоддог, цаашилбал ажилгүй, сургуульгүй болгодог, цөллөг, шоронд илгээдэг байсан. Шүүмжлэл зөвхөн тэр соц үзлийн хашаан дотор өрнөж болдог, гэхдээ ажил хэрэгч, бүтээлч шүүмжлэл, ялангуяа ёс суртхууны аястай, бас аж ахуйн талын шүүмжлэлийг голдуу хүлээж авдаг, үр дүн ч гардаг байж. 
Харин өнөө бид соц үзэл суртлын хэвшмэл хашааг эвдэж, нурааж чадсан ч чухам буцаагаад ямар нэгэн үзэл санааны ул мөр, учирзүйн уг шалтгаан байхгүй, ардчилал гэдэг нэг сайхан эрх дураараа орилж болдог, гэхдээ бусдын орилохыг сонсож болдоггүй, тэвчиж ч болдоггүй, тийм харанхуй муйхар, үл тэвчих необольшевик маягийн хашаа хэрмийг барьж орхижээ. Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тун осолтой. Хэрвээ таалагдахгүй бол шууд ирээд хутгалж ч мэднэ. Ёс суртхууны тухай шүүмжилбэл өмнөөс ямар ч ёс суртхуунгүйгээр шууд нулимна. Хариуцлагын тухай ярьвал “Хариуцлага гэж юу билээ” гэж гайхна. Ямар нэгэн учир зүйтэй маргаан, нотолгоо үзэл санааны өрсөлдөөн гэж байхгүй, зүгээр л газрын гавруу ортол нь харааж зүхэж, нулимж, тэр шүүмжилсэн хүнээ хүнийх нь хувьд үгүй болгож, дотоод ертөнцийнх нь хувьд харанхуй мунхагаар бурангуйлан дарж авах гэж оролдоно. Зарим тохиолдолд ажилгүй сургуульгүй болгож, зарим тохиолдолд их мөнгөөр амыг нь барих гэж оролдож, бүр зарим тохиолдолд хөлсний алуурчнаар шууд л алуулна. Эсвэл санамсаргүй автын осолд орно. Бидний явж буй зам мөр, ардчилал маань гажсан байна, түүнээ эргэн харж засах хэрэгтэй тухай ярихаар ардчиллын эсрэг үзэлтэн байна, ардчиллын дайсан гарч ирлээ, буцаад коммунизмаа байгуулах гэлээ гэж хийрхэнэ. Энд ямар ч наад захын ёс зүй байтугай наад захын учир зүй, мэдлэг ч байхгүй. Ийм л “дураараа байж болдог, гэхдээ бусдын эрхийг, үзэл санааг үл тэвчдэг, мэдлэггүй, тэнэгдүү, бүдүүлэг, анархи эрх чөлөө”-ний төлөө бид 1990 онд тэмцээгүй билээ. Ийм харилцан түлхэлцдэг, сөрөг цэнэгтэй анархи бөөмсүүдээс бүрдсэн нийгмийг зөвхөн задрах хувь тавилан л хүлээж байдаг. 

Ийнхүү түүх биднээр, монголчууд биднээр тохуурхаж байна. Гэхдээ тун хоржоонтой гашуунаар тохуурхаж байна. Түүх яагаад, ямар тохиолдолд тохуурхдаг юм бэ? Үгүй бол түүх дандаа ийнхүү тохуураад байдаг юм уу? Үгүй юм. Түүх ганцхан тохиолдолд л ард түмнээр тохуурхдаг. 
Ийм дотроо эв нэгдэлгүй, тодорхой үзэл баримтлалгүй, үндэсний бахархалгүй болчихсон, түрүүнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаад залчихсан ард түмнээр түүх тохуурхдаг юм.
Эв нэгдэлтэй, эрдэм мэдлэгтэй, эрмэлзэх зорилготой, түүнээ тойрон эрх ашгаа нэгтгэж чаддаг ард түмнээр түүх хэзээ ч тохуурхаж байгаагүй, чаддаг ч үгүй билээ.

Б.Номинчимэд

About Us

Recent

Random