Өчигдөр Google компани түүхэндээ анх удаа томоохон бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа зарлалаа.
Шинэ бүтцээр өмнө нь Google гэгдэж байсан компани нь Alphabet нэртэй толгой (umbrella) компани болон өөрчлөгдөж байна. Энэ шинэ компаний вэб хаяг abc.xyz
Хуучин Google-ын CEO Ларри Пэйж, ерөнхийлөгч Сергей Брин, гүйцэтгэх захирал Эрик Шмидт зэрэг удирдлагууд нь автоматаар Alphabet-ын удирдах албанд томилогдоно. Өмнөх Google-ын хувьцаа эзэмшигчид 1:1 харьцаагаар Alphabet-ын хувьцааг эзэмших гэнэ.
Харин түүний дор байгуулагдаж байгаа шинэ охин компани нь Google нэртэй болж үндсэн бизнесүүдээ хариуцахаар болжээ. Үүнд “search, ads, maps, apps, YouTube, Android болон тэдгээртэй холбоотой дэд бүтцүүд”.
Шинэ буюу жижигрүүлсэн Google компаний гүйцэтгэх захирлаар Сүндар Пичай томилогджээ.
Харин бусад бизнесүүд болох Calico, Nest, Fiber, хөрөнгө оруулалтын Google Ventures, Google Capital сангууд, Google X зэрэг нь шууд Alphabet компаний дор орсон байна.
Эх сурвалж: ikon.mn