Стивен Хокинг 21 настайдаа хөдөлгөөний мэдрэлийн эсийн өвчин (motor neurone disease) –өөр оношлогдсон.
Эмч нар түүнийг хэдхэн жилийн настай гэцгээж байв.
Тэрээр одоо 72 настай бөгөөд, энэ цаг үед амьдарч байгаа хамгийн агуу физикчдийн нэг – Кембриджийн их сургуулийн профессор, хар нүх судлаач, хамгийн их борлуулагдсан “Цаг хугацааны товч түүх” номын зохиогч.
Энэхүү нийтлэлдээ суут Стивен Хокингийн шинжлэх ухаан болоод амьдралын талаарх үзэл бодлыг нь харуулсан 12 эшлэлийг хүргэж байна:
- Хөгжлийн бэрхшээлийн тухайд:
“Бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх миний зөвлөгөө гэвэл, бэрхшээл чинь ямарваа нэгэн зүйлийг хийх боломжийг хааж байгаа бол бүү харамс, харин хийх боломжтой зүйлүүд дээрээ төвлөр. Сэтгэл оюунаараа л тахир дутуу байж болохгүй.”
- Чухлын тухайд:
Миний зорилго их энгийн. Орчлон ертөнц яагаад ийм байгаа, ер нь яагаад оршин байдаг гэх мэтчилэн орчлон ертөнцийн тухай бүгдийг бүрэн ойлгох.
- Хувь тавилангаа өөрөө залах тухайд:
“Бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн, бид юу ч хийгээд өөрчлөх боломжгүй гэж итгэдэг хүмүүс ч гэсэн, зам гарахаасаа өмнө гэрлэн дохиог шалгадгийг би ажигласан.”
- Хошин зангийн тухайд:
“Хэрэв амьдралд хошигнол, инээд хөөр байгаагүй бол үнэхээр эмгэнэлтэй байх байлаа.”
- Өөрийн IQ –ийн тухайд:
“Надад мэдэж байгаа юм алга аа. Өөрийн IQ –аараа сайрхдаг хүмүүс бол азгүй амьтад.”
- Бүхэл өдрийн турш юу боддог талаар:
“Эмэгтэйчүүд. Тэд бол бүхэлдээ тайлагдашгүй оньсого.”
- Гурван хүүхдүүддээ өгөх түүний зөвлөгөө:
“Нэгдүгээрт, доошоо хөл рүүгээ биш, дээшээгээ одод руу хар. Хоёрдугаарт, хэзээ ч ажлаасаа бүү няц. Ажил хөдөлмөр чамд утга учир, зорилго өгнө, түүнгүйгээр амьдрал үнэхээр хоосон. Гуравдугаарт, хэрэв чи хайртай учрах азтай бол, түүнийгээ хааш нь ч бүү явуул.”
- Яагаад олон нийтэд хандаж бичдэг тухайд:
“Цагхугацааны товч түүх” номоо бичиж байх үедээ би уушгины хатгалгаар нэлээд хүнд өвдсөн байсан ч маш их хичээл зүтгэл гаргасан. Учир нь эрдэмтэн судлаачид өөрийн бүтээлээ, ялангуяа космологийн тухайд хүмүүст тайлбарлаж, таниулах нь их чухал гэж бодсон.
- Утасны (string) гэгдэх онолын үнэ цэнийн тухайд:
“Бид утасны (string) онолыг ойлгоод ирэхээрээ орчлон ертөнц хэрхэн бий болсон талаар мэдэх болно. Бидний амьдралд нэг их нөлөөлөхгүй ч, бид хаанаас ирсэн, түүнийгээ таньж нээснээр юуг олж болох нь илүү чухал санагддаг.”
- Өөрийн эрүүл мэндийн тухайд:
“Хажуугийн хатингиралт хатуурал буюу хөдөлгөөний мэдрэлийн эсийн өвчнөөр анх оношлогдох үед, намайг хоёрхон жил л амьдарна гэж байлаа. Тэр цагаас хойш 45 жил өнгөрлөө, би сайн л байна.”
- Бурхны тухайд:
“Бурхан оршдог байж болно, гэхдээ шинжлэх ухаан ямар нэгэн бүтээгч эзэнгүйгээр орчлон ертөнцийг тайлбарлаж чадна.”
- Мухардалд орсон үед:
“Гацаанд орсон үедээ уурлаж бухимдлаа гээд ямар ч сайн юм болохгүй. Би яадаг вэ гэвэл, өөр зүйл дээр ажилладаг ба тулгарсан асуудлын талаар үргэлжлүүлэн бодсоор л байдаг. Зарим үед өмнөх замаа харах гэж хэдэн арван жилийг ч зарцуулах тохиолдол бий. Мэдээлэл алдагдах, хар нүхний тухайд бол би 29 жилийг зарцуулсан.”
Эх үүсвэр: biznetwork.mn