2015-08-26

Нийгэм дэх хаос төлөв байдал


Нийгэм хаос шинжтэй байдаг бөгөөд энэхүү шинжийг зөөгч нь масс буюу ямар нэг хэмжээний олон түмэн байдаг ажээ. Олон түмний биеэ авч явах байдал, төрх байдал, аяг аашийн талаар талаар орчин үеийн Өрнөдийн сэтгэлгээнд З.Фрейд, Г.Лебоны сургаалд үндэслэсэн онолууд зонхилох байр суурь эзэлдэг. Эдгээр сэтгэгчдийн баримталж байсан зарчмын ач холбогдолтой өөр нэг санаа бол хувь хүн олонхид нэгдээд ирэхээрээ өөрийн өвөрмөц төрх байдлаа алдаж нийтийн психологид захирагддаг, ямар нэг бүлэг, хамт олонд харъяалагдсан хүн тэнд байгаа нийтлэг бодол санаа, сэтгэгдлээс чөлөөлөгдөж чаддаггүй гэсэн санаа байлаа.

 
  Сүүлийн үеийн социологийн ном зохиолд хүмүүсийн бөөгнөрөл гэсэн ойлголт их хэрэглэж байна. Энэ нь ижил, ойролцоо түр зуурын эрх ашиг юм уу сонирхлоор нэгтгэгдсэн хүмүүсийн цогц юм. Хүмүүсийн бөөгнөрөлийг тохиолдлын (санамсаргүй), тохиролц­сон, сэтгэлийн хөдөлгөөнт, үйл­дэгч, эсэргүүцэх сэдэлт гэх мэтээр ангилж байна.
 
  …Үйлдэгч (хөдөлгөөнт) бөөг­нөрөл гэдгийг ихэвчлэн хүчирхийлэх, эвдлэн сүйдлэх гэх мэт сөрөг үйл ажиллагаатай холбон ойлгодог.
 
  Энд сэтгэлийн хөдөлгөөн ер бусын ихээр давамгайлж байдаг учраас иймэрхүү үйл ажиллагаанд түлхдэг. Нэгэн жишээ татахад, 1985 оны зун Брюссельд (Бельги) Европын цомтой багуудын шувтар­­гын тоглолтод Итали, Их Британы багууд тоглохоор шалгар­­сан байлаа. Цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийг багийг хөгжөөн дэмжихээр ирцгээсэн италичууд, англи­чууд маш их байжээ. Гэтэл тэмцээн эхлэхээс 45 минутын өмнө хэсэг англи залуучууд италичуудын сууж байсан хэсэг рүү юм чулуудаж, элдэв зүйл хашгиран өдөж эхлэв. Улмаар хоёр тал харилцан юм чулуудалцаж бие биесээ доромжлон хашгиралдаж, зодоон нүдээнд хүрэв. Телевизээр хөл бөмбөгийн тэмцээний шууд нэвтрүүлгийг үзэх гэж байсан 400 сая хүн нэн аймшигт үзэгдэл харсан юм. Улайрч улангассан олон түмний энэ зодоонд 38 хүн нас барж, 400 хүн бэртэж гэмтжээ.
 
  Эсэргүүцэх сэдэлт бөөгнөрөл гэж байдаг. Энэ нь ямар нэг зүйлд эсэргүүцэл зарлаж, ажил хаясан, жагсаал цуглаан, суулт хийж буй хүмүүс юм. Энэ хүмүүс нь сэтгэлийн хөдөлгөөн давамгайлбал тун амархан үйлдэгч бөөгнөрөл болдог. Олон түмний дунд ардчилсан хөдөлгөөн ид өрнөж байсан 1990 оны 3 дугаар сард Сүхбаатарын талбайд цугласан олон түмэн хүчирхийлэлд шилжихэд тун ойрхон байгаа хуучин коммунист дэглэмийн толгойлогчдод дургүйцэж, хилэгнэж түрхэрсэн олон түмнийг цагдаа нартай мөргөлдөж, Засгийн газрын ордон руу дайран орохоос С.Зориг болон Ардчилсан Холбооны анхны гишүүд хэрхэн сэргийлж байсан нь дээрхийн жишээ болох юм.
 
  Дээр дурьдсан бөөгнөрч цугларсан олон түмний алинд нь ч гэсэн ухамсартай гэхээс хаос хүчин зүйлийн нөлөө их байдаг. Ер нь олон түмний төрх байдал, аяг аашийн талаарх Өрнөдийнхний судалгаанд түүний ерөнхийдөө эмх замбараагүй, тодорхой бүтэцгүй, хууль-зүй тогтлоор тайлбарлах аргагүй гэсэн үзэл зонхилох хандлагатай байдаг нь зохих үндэслэлтэй…
 
  Олон түмний төрх байдал, аяг аашийн талаарх психологийн судалгаанд түүний сөрөг шин­жүүдийг нэлээд тодорхой өгүүлсэн байдаг аж. Хүмүүс нэг дор хэт олуулаа болоод ирэх үед паник-хаос төлөв байдал нь ихсэж өөрийгөө психологийн талаас эвдлэн устгах иррационал шинж давамгайлж эхэлдэг. Паник гэдэг нь гэнэтийн, өөрсдөд нь таатай биш нөхцөл байдалд орсон олон түмний төрх байдал юм. Фрейд паникийг тодорхойлохдоо олон түмэн удирдагчаа дагахаа больж хувь хувиа бодсон психологийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр томъёо гэсэн.
 
  Паник төлөв байдалд орсон хүмүүс хяналтаа алдаж, нэлээд түгшиж, зэрлэгшсэн аяг ааштай болно. Олон түмний ийм хийрхүү төлөв байдал нь ямар нэг жагсаал цуглаан, бослого тэмцлийг сул зохион байгуулалттай, урсгал маягаар хийх үед тод харагддаг.
 
  Паник, хийрхэлд орсон олон түмэн далим л гарвал ямар нэг зүйл рүү улангасан хашгирах, уурлан давшлах, уйлж гуньж гутран зугатан зайлахад бэлэн болсон байдаг. Цугласан олны дунд ийм уур амьсгал ноёрхох нь хувь хүмүүст ч нөлөөлж, паникт уусдаг. 1994 оны дөрөвдүгээр сарын өлсгөлөнгийн үеэр Сүхбаатарын талбайд цугласан олон түмний дунд Ялалтын талбайд цугласан эсрэг өлсгөлөнг дэмжиж буй хүмүүс наашаа хөдөллөө гэсэн сураг гарахад Сүхбаатарын талбайд цугларагсдын уур хилэн, эгдүүцэл нь хар аяндаа хөөрч, мод чулуу зэвсэг эрж хайж эхэлсэн. Олон түмний ийм байдал хамгаалалтын цагдаа нарт нөлөөлж тэд ч түгшиж, ямар нэг зүйл рүү дайрахад бэлэн болсон түгшүүртэй уур амьсгал нэг хэсэг ноёрхсон.
 
  Олон түмнийг ийм төрх байдал, аяг ааштай болоход янз бүрийн зүйлс нөлөөлж болох юм. Гэхдээ амьдралынх нь тогтсон хэв маягт эрс харшилж, дайсагнасан мэдээ, цуу, үйл явдал ийм байдалд их оруулдаг.
 
  Психологийн номнуудад хам­гийн олон хүнийг хамарсан паник төлөв байдлын жишээ татахдаа 1959 онд АНУ-ын Чикаго хотод болсон үйл явдлын тухай дурсдаг.
 
  Ийм нэгэн явдал болжээ. 1959 онд Чикаго хотын бейсболын баг сүүлийн 40 жилд нэг ч удаа хожиж байгаагүй өөр хотын нэгэн багийг бейсболын тэмцээнд хожжээ. Америкчуудын хамгийн дуртай, үндэсний спорт гэж хэлж болох спортын энэ төрлийн тэмцээнд тэр хотынхон анх удаа ялсан нь ямар их баярт үйл явдал байсан нь тодорхой. Тэгээд ч хотын гал сөнөөх албаны дарга энэхүү баярт үйл явдалд зориулж иргэний хамгаалалтын дохионы системийг дуугаргахаар шийджээ. Гэхдээ энэ тухай хотын оршин суугчдад урьдчилан анхааруулаагүйгээс болж тун эвгүй байдалд орсон байна.  
 
 Шөнийн 11 цагт хот даяар цууриатсан уг дохиог цөмийн дайралт болж байгаагийн илрэл гэж ойлгосон хотын 3.7 сая хүн гудамжинд гарч уйлж дуулалдан, залбирал мөргөл үйлдэж, эмнэлэг сэргийлэх дуудацгаан, орж гарах газраа олж ядсан байна. Асар олон хүн нийтээр цочрол, алмайрал, хийрхлийн төлөв байдалд оржээ. Иймэрхүү төрх байдал 1967 оны үед болсон газар хөдлөлт, усны үер, Икар хэмээх гариг манай Дэлхийтэй мөргөлдөх гэнэ гэсэн цуу тарсан үед манайд ч гэсэн багагүй харагдаж байсан гэдэг.
 
  Олон түмэн ингэж олуулаа цуглан хийрхсэн үедээ дээр дурьдсанчлан хүчирхийлэлд шил­жихэд тун ойрхон байдаг. Олон хүний энэхүү довтлох, дайрах, харгислах шинжийг Фрейд хүнд үлдсэн амьтны инстинкт олуулаа бөөгнөрч сүргийн амьдралдаа ойртсон үед илрэн гарч байгаа хэрэг гэж үзсэн юм. Ийм үзлийг Нобелийн шагналт этнологич Конрад Лоренц дэмжиж бүх амьтад зүйлийнхээ хувьд өөрийгөө “хамгаалан тулалдах инстинкттэй” байдаг гэсэн.
 
  Хүн, ялангуяа олон түмний хүчирхийлэлд татагдсан байдлыг фанатикууд маш тод илэрхийлдэг. Фанатикууд гэдэг нь шашин, ёс суртахуун, улс төрийн мухар сохор итгэл үнэмшилд автагдсан хүмүүсийг хэлнэ. Тэд аль нэг юмс үзэгдлийн талаар алдаатай, буруу мэдлэг, мэдээллийг итгэл үнэмшил болгоод уян хатан бус, эрс туйлширсан хандлага гаргадаг. Фанатизм нь аль нэг хүйс, арьстан, шашин юм уу шашингүйн үзэлтнийг доорд үзэхэд тод илэрдэг…
 
  Фанатизмд автсан олон түмэн сэтгэлийн хөдөлгөөнд бүх зүйлээ захируулж, юмсыг эмх замбараагүй болгон хүчирхийлж, эвдлэн сүйтгэхээс илүү үйлч чанаргүй болсон байдаг. Шашны мухар сүсэгт автсан олон түмэн шүтлэггүй, өөр бишрэлтэй хүмүүсийг амьдаар нь шатааж, хувьсгалын хоосон лоозонд итгэсэн ард түмэн язгууртан, ноёд л бол эр, эм, хөгшин, хүүхэд гэж ялгалгүй цаазалж байхдаа фанатик итгэл, үнэмшлээсээ болж баяр хөөр болон уулгалан турхиралдаж, “Марсельез” дуулцгаан баяр хөөр болцгооно. Яг ийм үедээ тэд хэн нэг улс төрч (удирдагч)-ийн илбэнд ороход тун чиг бэлэн болсон байдаг. Мухар сүсэг, балай заншил, хуурамч итгэл үнэмшилдээ ховсдуулж улайрсан хүмүүсийн аймшигт их эрч хүчийг улс төрчид олонтаа ашиглаж байсныг түүх мэднэ. Фанатизмд автсан олон түмэн эрүүлээр сэтгэгч нэг хувь хүнээс хамаагүй болхи, бүдүүлэг зүйл байдаг авч урсгал механик хүчнийхээ хувьд түүнээс хамаагүй давж байдаг.
 
  …Тэгэхээр энд олон түмний ба хувь хүмүүсийн саналын зохист харьцааны тухай асуудал гарч байна. Олонхийн санал ихээхэн энгийн зүйл дээр давамгайлж байх ёстой. Шийдэх гэж байгаа асуудал маань хичнээн нарийн ээдрээтэй байна төчнөөн цөөн хүний үйл хэрэг байдаг. Ардчилал гэдгийг мушгин гуйвуулж бүх асуудлыг санал хураалтаар шийдэхэд хүрвэл олонхийн саналаар ямар ч буруу шийдвэр гарч болно.
 
  Хэдийгээр ийм дутагдалтай, өө сэвтэй байдаг ч олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг нөхцөл байдлыг дэлхийн улс төрийн практик хүн төрөлхтөнд тулган тавьжээ. Үүнийг ардчилсан сонгууль гэж нэрлэдэг. Уг нь эрүүл ухаанаар цэгнэн үзвэл сонгуульд оролцож буй ухаантай болон тэнэг, учрыг ойлгосон болон аялдан дагасан хоёр хүний санал адил эрхтэй (жинтэй) байж болохгүй боловч ийм зарчмыг нийгэмд мөрдлөгөө болгох гэж оролдвол хүмүүсийг эрдэм боловсрол, нийгмийн байр байдлаар нь ялгаварласан аймшиг­тай үр дагавар дагуулж болзошгүй юм. Ийм учраас энэ тухай санахаас ч цээрлэх ёсон ардчилсан улс орнуудад тогтжээ.
 
  Хүн төрөлхтөний хувьд нэгэнт ийм практик хамгийн зөвд тооцогдож байгаа учраас сонгуулийн үеэр олонхийн саналыг эзэм­дэх зорилготой ухуулга, суртал­чилгааны компанит ажил өрнөдөг. Энэ утгаар нь сонгуулийн үед өрнөдөг ухуулга, сурталчилгаа, цуу, реклам зэргийг олон түмний саналыг татах зорилготой мэдээлэл гэж тодорхойлж болно. Олон түмнийг дагуулах зорилготой энэхүү мэдээлэлд үнэн худлын янз бүрийн боломж агуулагддаг.
 
  Нийгэм дэх хаос төлөв байдлын тухай ярьж байх үед түүний шалтгаан (нэг талаас), илрэл (нөгөө талаас) гэж хэлж болохоор нэг зүйлийн тухай дурьдахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол цуурхал.
 
  …Цуурхлыг батлагдаж, нотлог­доогүй “амнаас ам дамжин” нийгэмд тархаж буй мэдээлэл хэмээн ойлгож болно. Аж үйлдвэр­жихээс өмнөх нийгэмд цуурхлыг тараах үндсэн хэрэгсэл нь аман яриа л байсан. Тэгвэл одоо телефон утас, компьютер, мэдээллийн хэрэгсэл (сонин, телевиз, радио гэх мэт) цуурхал тарахад их нөлөө үзүүлж байна. Ийм учраас цуурхал нь ямар ч зохион байгуулалттай нийгмийн амьдралын нэг хэсэг болдог.
 
  Цуурхал нийгмийн амбицтай их холбоотой. Нийгэмд сонирхолтой хүмүүсийн хүсэн хүлээж байсан сэдэв байдаг учраас анх түүнийг хэн ч гаргаж болно. Нэгэнт хэн ч гаргах боломжтой учраас анх хаанаас яаж үүссэн нь мэдэгдэхгүй өнгөрөх нь олонтаа байдаг. Ихэнх тохиолдолд цуурхал тарааж байгаа­гаа хувь хүн, мэдээллийн хэрэгсэл ухамсарладаггүй. Жишээ нь, телевизээр” … гэж тэр сонин дээр өгүүлжээ” гэхэд л гүйцээ. Сонсогч, үзэгчдийн хувьд мэдээллийн эх сурвалж, худал үнэний талаар эргэцүүлэх хүсэл байдаггүй. Телевизээр тэгж ярьж байна лээ гээд цааш нь дамжуулж гарна. Цуурхлын ийм шинжийг зарим тохиолдолд улс төрд ухамсартай ашиглах явдал гардаг.
 
  Цуурхал нь нийгэмд тун түргэн хурдацтай тархдаг үзэгдэл. Үүний шалтгаан нь хүмүүсийн ангаж цангаж байсан, сонирхолтой сэдэв байдагтай холбоотой. Мэдээжээр хүн амын хамгийн өргөн давхрааг хамарсан мэдээллийн хэрэгслээр дамжиж байвал бүр ч түргэн тархана. Гэхдээ амнаас ам дамжиж байсан ч маш түргэн тархах боломжтойг дараах жишээнээс харж болно.
 
  Өглөөний 8.00 цагт нэгэн сонирхолтой шинж мэдээтэй хүн Улаанбаатар хотод таньдаг айлдаа буулаа гэж бодъё. Тэгээд айлынхаа 3 хүнд уг мэдээгээ дамжуулахад 15 минут зарцуулжээ. 1+(1х3)=4 ингээд нийт 4 хүн л уг мэдээг мэдэж байна. Шинээр дуулсан 3 хүн уг мэдээг цааш нь тус бүр 3 хүнд дамжуулахад мөн 15 минут зарцуулав. 8 цаг 30 минут гэхэд уг мэдээг нийт 4+(3х3)=13 хүн л мэдэж байна. Энэ мэтээр амнаас ам дамжин тархахад 11 цагт Улаанбаатарын хүүхэд хөгшидгүй бүх хүн дуулсан байх боломжтой байдаг ажээ.
 
8.00 1 хүн
 
8.15 1+(1+3)=4
 
8.30 4+(3+3)=13
 
8.45 13+(9+3)=40
 
9.00 40+(27+3)=121
 
9.15 121+(81x3)=364
 
9.30 364+(243x3)=1093
 
9.45 1093+(729x3)=3280
 
10.00 3280+(2187x3)=9841
 
10.15 9841+(6561x3)=29524
 
10.30 29524+(19683x3)=88573
 
10.45 88573+(59049x3)=265720
 
11.00 265720+(177147x3)=797161
 
    Цуурхал тархах энэхүү механизм ихээхэн магадлалт шинж чанартай, бололцоо маягийн зүйл боловч бодит байдлаас төдий л зөрүүтэй зүйл бишээ.
 
  Цуурхал нь ингэж үй олон хүний ам дамжин тархах явцдаа агуулгын хувьд өөрчлөгдөн хувьсаж, баяжих нөхцөл бүрэлдсэн байдаг учраас цуурхлыг их уян хатан, өөрчлөгдөмтгий зүйл гэж үздэг. Мөн энэ шинжээр цуурхлын будлиантай, олон хувилбартай байдаг явдал тодорхойлогдоно.
 
  Цуурхлын бас нэг онцлог бол түүнийг зогсоож, таслахад их хүндрэлтэй байдаг. Цуурхлыг таслах, зогсоох гэж оролдох тэр хэмжээгээр олон түмний сонирхол, шохоорхлыг төрүүлж газар авдаг. Цуурхал нь ямар сэдэв, агуулгатай байна, магадлах боломж хэр зэрэг байна гэдгээсээ хамаарч амьдрах хугацаа нь янз бүр байдаг. Зарим цуурхал хэдхэн хоногийн настай байхад зарим нь хэдэн жилээр ч үргэлжлэх нь бий. Цуурхал нь манай монголчуудын хувьд ихээхэн танил үзэгдэл мөн. Манай нөхцөлд цуурхал тун таатай хөгжих шалтгаантай байсан.
 
  Бид “Яармагт ер бусын одой хүмүүс дүүрэн байна гэнэ”, “Өвөрхангайд нэг хүүхэн харь гаригийнхантай учраад өөрөөсөө шар гэрэл цацруулдаг хүүхэд төрүүлжээ”, “Гандантэгчлэн хийдийн нэг лам хоосон чанарт гүнзгий нэвтрээд сүсэгтэн олныг харсаар байтал бетон хана нэвтлээд гараад явчихжээ” гэвэл бүгд л итгээд нэг нэгэндээ ярьж гарна.
 
  Энэ бол шинжлэх ухааны сэтгэлгээг бага хөгжүүлсэн, шашинд (эсвэл шашинтай адилтгахуйц нэг үзэл сурталд) гүнзгий автагдсан ард түмэн байсны маань баталгаа болж байгаа юм. Цуурхал нь мэдээллийг дамжуулах хамгийн эртний бүдүүлэг хэрэгслийн хувьд харанхуй бүдүүлэг орчинд таатай хөгждөг. Манай оронд цуурхал гоц хөгжих наад зах нь хоёр үндсэн шалтгаан байсан. Нэгд, бид хэдэн зууны турш нийтээр шахуу бичиг үсэггүй байсан тул мэдээллийг аман яриагаар (цуурхаж) дамжуулдаг байжээ. Хоёрт, монголчууд нүүдлийн мал аж ахуйнхаа эрхшээлээр үргэлж ганц хоёроор зэлүүд маягаар амьдардаг байсан учир замын хүнээс хаа нэг сонсох ярианд эргэлзэхэд хэцүү байв. Ийм шалтгаанаар цуурхал бол монголчуудын ихээхэн дуртай зүйлийн нэг болжээ. Бид цуурхах дуртайгаа мэддэг тул өөрсдийн тухай шог яриа маягийн зүйл гаргасан байдаг. Нэгэн өвгөн өөрийн хоёр хүүгийн аль хэр ам бөхтэй болохыг шалгахын тулд ингэж ярьжээ: “Хачин юмдаа, би сая бие засаж суутал өтгөн гардаг газраас маань нэг болжмор гараад нисчих юм. Харин та хоёр хүнд хэлж болдоггүй юм шүү.” Маргааш өглөө нь өвгөн мордож нутаг хошууны хэдэн айлаар ортол өвгөнд тохиолдсон хачин явдлын тухай шуугиж байв. Энэ нь ихээхэн бүдүүлэгдүү онигоо боловч цуурхалтай холбоотой гурван гол санааг агуулж байгаа юм. Нэгд, бид хамгийн эргэлзмээр зүйлд ч эргэлздэггүй сэтгэлгээтэй болсон. Хоёрт, бид цуурхах их дуртай. Гуравт, цуурхал ер бусын их хурдтай тархдаг. Ер нь монгол хүмүүс ийм учраас цуурах дургүй, цуурхалд итгэдэггүй нэгэндээ тийм ч таатай биш ханддаг. Яагаад ч юм бэ, бүгд л нэг санаатай, хувь хүн олонхтой санал нэг байх ёстой гэж үзнэ. Ямар нэг хүний баттай мэдэж байгаа юмны талаар хэн нэгэн популист илэрхий буруу яриад түүнийг нь олон түмэн зөв гэж үзэж байвал нөгөө хүн маань бас даган баясах хэрэгтэй болдог.  
 
    …Нийгэм, олон түмний өвөр­мөц, этгээд төлөв байдлын тухай энэхүү сэдвийг дуусгаж эцэст нь өгүүлэхэд психологич, социологич олон хүн энэ талаар өөр өөрсдийн санаа оноог гаргаж байгаа боловч харьцангуй бага судлагдсан сэдэв болох нь мэдрэгддэг. Тэдгээрт байгаа ерөнхий санаа бол хувь хүн олон түмэнд хамрагдаад ирэхээрээ хэвийн бус байдал гаргадаг гэсэн санаа юм.
 
  Хүн амын нягтрал ихтэй газар хулгай, дээрэм, тонуул гэх мэт эмх замбараагүй явдал их гардаг; Нэг байранд олуулаа суудаг оюутан, цөөхүүл суудаг оюутнаас сурлагын доогуур үзүүлэлттэй байдаг. Ер нь аливаа амьтан олуулаа болоод ирэх үед хаосыг маш их илэрхийлдэг. Нэг газар олноороо цугласан үхэр огтоно эмх замбараагүй байдалд орж, үр төлөө үл ойшоон, үүрээ нурааж хоорондоо тулалддаг (зориуд хийсэн туршилтанд 3/4 нь нас барж байжээ) гэсэн баримтыг дээрх психологич, социологичид дурьдаад шалтгааныг нь дараах байдлаар тайлбарлаж байна.
 
  Хүмүүс хоорондоо их ойр­тохоороо бие биенээ хэт идэвх­жүүлж, стресс төлөв байдалд оруулдаг. Олон түмэн цугласан газар хүмүүсийн сэрэл саармагжиж, орчноо болон өөрийгөө хянах чадвар нь алдагдана. Олон түмний дунд яваа мэдээлэл тэр бүр үнэн байдаггүй тул зөв чиг баримжаа, үнэлгээтэй байх бололцоогүй бай­даг гэсэн тайлбар хийдэг ажээ.

tsagtur.mn

About Us

Recent

Random