Оросын нийгмийн сүлжээний томоохон сайт болох www.vk.com Оюуны Өмчийн Газрын байцаагчийн дүгнэлтээр Харилцаа Холбооны зохицуулах хорооноос өчигдөр өглөө хаасан байна.
Монголчуудын идэвхтэй хэрэглэдэг нийгмийн сүлжээ сайт ямар учраас хаагдах болсон шалтгааныгОюуны Өмчийн Газрын Хяналтын улсын байцаагч Н.Мөнгөн-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Скаймедиа компанийн гомдлоор хяналт шалгалт хийхэд www.vk.com сайтад Монголын шинэ кинонууд олноороо тавигдсан байсан. Ийнхүү хууль зөрчиж байгаа тул Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хаах хүсэлт өгөөд хаалгуулсан.
Уг сайтыг хаасны дараа манай улсын иргэдээс маш их хэмжээний гомдол, хүсэлт ирсэн. Тиймээс одоогоор буцааж түр нээх шийд гаргаад байна. Нэгэнт хууль зөрчиж байгаа учраас цаашид бүрэн нээхэд хүндрэлтэй” гэсэн юм.
Чухам хэн Монгол кинонуудыг тус сайтад олноор нь байрлуулах болсныг тодруулахад “Монголоос тавигдаж байгаа нь ойлгомжтой. Скаймедиад орсон шинэ кинонууд шууд хуулагдаад тавигдсан байсан” гэсэн хариулт өглөө.
Одоогоор www.vk.com сайт түр нээгдсэн байна. Гэхдээ нээгдсэнээр бүх хэрэглэгчдэд хандах боломж шууд бий болохгүй, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн хэрэгжүүлэх хурд, кэш цэвэрлэгдэх хугацаа зэргээс болоод аажмаар нээгдэх ажээ.
IKON.MN