Хэрвээ та Сундар Пичай гэдэг нэрийг мэддэг бол гурван цаг орчим үргэлжилдэг Google I/O чуулганыг сүүлийн хэдэн жил үзсэн байх магадлал өндөртэй гэсэн үг. Аядуухан ярьдаг, сонин аялгатай Пичай өнгөрсөн жилүүдэд чуулганыг эхлүүлж, илтгэлийг удирддаг байлаа.
Пичай ямар ч дугаар руу нэг л удаа залгасан бол тархиндаа үүрд хадгалдаг байжээ
Гэхдээ үүний өмнө Google компанийн хамгийн том салбаруудын нэг болох Андроидын бизнесийг удирдаж, Chrome-ийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан энэ залуу амьдралынхаа 11 жилийг энэ л компанид өнгөрүүлжээ.
Google-ийг Alphabet хэмээх шинэ “аавтай” болсон тухай мэдээлэл цацагдах үед гарсан бас нэг сонирхолтой зүйл нь Пичай шинэчлэгдсэн Google-ийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилогдсон явдал байв.
1972 онд Энэтхэгийн Тамил мужид мэндэлсэн Сундар Пичайн эцэг цахилгааны инженер хүн байжээ. Хоёр өрөө орон сууцанд амьдарч байсан Пичайд аавынх нь ажил, ашигладаг багаж тун ч их таалагддаг байсан гэдэг.
Пичай Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа 1994 он
Ингээд Андроидын ирээдүйн эзний гэр бүл 1984 онд буюу түүнийг 12 настай байхад гэртээ анх суурин утас авчээ. Энэ үед болсон хамгийн сонирхолтой зүйл нь хүү тун ч сийрэг толгойтой, аливааг амархан чээжилдэг болохыг олж нээсэн явдал байлаа.
Пичай ямар ч дугаар руу нэг л удаа залгасан бол тархиндаа үүрд хадгалдаг байсан гэнэ. Энэхүү чадвар нь Google-д орсных нь дараа бүр ч их хэрэг болсон нь мэдээж.
Түүнчлэн гайхалтай чээжлэх чадвар Пичайн цорын ганц авьяас байсангүй. Хүү ахлах сургуульд байхдаа Крикетийн багийнхаа ахлагч болж, мужийн аварга болж байсан түүхтэй.
Сундар Пичай, эцэг, эхийн хамт 1997 он. АНУ
Магадгүй та бид хоёрт мужийн аварга гэдэг мундаг сонсогдохгүй байж болох ч Тамил мужийн хүн ам 70 сая гаруй ажээ. Ингээд спортын авьяастай, сийрэг толгойтой хүү сургуулиа төгсөөд Энэтхэгийн Технологийн Институтэд элсэн суралцаж, Инженер болсон түүхтэй.
Харин энэхүү тасалбар, Стэнфордын их сургуулийн тэтгэлэг зэрэг нь түүний эцгийн бүтэн жилийн цалингаас ч их хэмжээний мөнгө байсан юм
Багш нар нь ч түүнийг “Дуулгавартай, томоотой” хэмээн тодорхойлсон бөгөөд нэг л өдөр хүү Стэнфордын их сургуульд суралцах эрх авчээ. Сургуулийнхаа сурагчид дундаас сурлагаараа хоёрдугаарт бичигдсэн Пичай Сан Франциско явах онгоцны тасалбар гардан авч, АНУ-д анх хөл тавьсан билээ.
Харин энэхүү тасалбар, Стэнфордын их сургуулийн тэтгэлэг зэрэг нь түүний эцгийн бүтэн жилийн цалингаас ч их хэмжээний мөнгө байсан юм.
Стэнфордын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан Пичай Google-ийг үүсгэн байгуулагчдын нэгэн адил бизнест хөл тавихаар сургуулиа хаясан юм.
Ингээд Санта Клара хотод үйл ажиллагаа явуулдаг, чип үйлдвэрлэгч Applied Materials компанид инженерийн алба хаших болсон байна. Төд удалгүй зүүн эрэгт байрладаг, тэрбумтан Доналд Трампын төгссөн Вартон сургуульд Бизнесийн удирдлагын зэрэг горилон суралцаж эхэлсэн юм.
Энэ мэтээр АНУ дахь түүний амьдрал өрнөж, 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр буюу Gmail-ын мэндэлсэн өдөр Пичай Google компанид ярилцлагад орохоор ирсэн гэдэг.
Тухайн үед хүмүүсийн төсөөлж байсанчлан Gmail-ийг бас л нэг инээдмийн баярын өдрийн наргиан гэж бодож байснаа тэрээр хожим дурссан юм. Ямар ч байсан Пичай ажилд орж, түүний албан тушаал хурдацтай өсөх болжээ.
Бүтээгдэхүүний менежерийн албан тушаалд томилогдсон Пичай бусад ажилчдын адил ажилд ороод “Firefox”, “IE” зэрэг веб хөтөч дээр ажиллаж байлаа. Харин хамгийн чухал нь түүнд энэ бүхэн таалагдсангүй.
Тэрээр “Яагаад Google өөрийн гэсэн веб хөтөчтэй байж болдоггүй юм бол?” гэж бодсон ажээ. Ингээд 2008 он гэхэд Chrome веб хөтөч хэрэглээнд нэвтэрч өнөөдөр дэлхий дээр байгаа бүх компьютерын гуравны нэг нь энэ л хөтчөөр дамжуулан интернетэд нэвтэрч байна.
Магадгүй та ч гэсэн яг одоо энэ нийтлэлийг Google Chrome ашиглан уншиж байгаа байх. Chrome зөвхөн веб хөтөч байсангүй. Харин үйлдлийн систем, хямд үнэтэй зөөврийн компьютер хүртэл өргөжжээ.
Цахиурын хөндийд хямд үнэтэй, мэдээллээ өөр дээрээ хадгалдаггүй, үүлэн тооцоололд суурилсан санах ой бүхий зөөврийн компьютер бүтээх асуудал хэдэн жилийн турш яригдсан билээ.
Пичай Google-ийг үүсгэн байгуулагчдын нэгэн адил бизнест хөл тавихаар сургуулиа хаясан юм
Харин Сундар Пичай гэх Энэтхэг залуу үүнийг ажил хэрэг болгосон юм. Өнөөдөр Chromebook нийт компьютерын зах зээлийн бараг 25 хувийг бүрдүүлж байна. Үүнийхээ хажуугаар Chrome үйлдлийн систем хөгжүүлэх асуудлаа ч марталгүй хэрэгжүүлж байжээ.
Түүнийг анх компанийн босгыг алхан орж ирэхэд нээлтээ хийж байсан Gmail ч гэсэн түүний гараар дамжсан билээ. Тэр ч бүү хэл Пичай энэ бүхнийг амжуулахын зэрэгцээ Jive программ хангамжийн компанийн захиралын албыг хашиж, хүүхэд ахуй наснаасаа үерхсэн охинтойгоо гэрлэчихсэн, хоёр хүүхдийн сайн эцэг байх гээд бүхнийг амжуулж чадсан юм.
2010 он гарлаа. Google-ийн хувьд чухал ажилтнуудын нэг болсон түүнд Twitter-ээс бүтээгдэхүүн хариуцсан Дэд ерөнхийлөгчийн алба амлав. Харин Google түүнийг алдахгүйн тулд 10-50 сая орчим ам. долларын урамшуулал олгосон гэх мэдээлэл бий.
Сундар Пичай, түүний эхнэр Анжали. Нью Йорк, 2002 он
12 нас хүрэх хүртэл гэртээ утасгүй байсан, Стэнфордын их сургуульд анх орохдоо 60 ам. долларын үнэтэй цүнх ч авах боломжгүй байсан хүүгийн хувьд энэ тоо том байх нь аргагүй.
Гурван жилийн дараа Андроидыг удирдаж байсан Энди Рубин албан тушаалаа өгөхөөр болов. Харин энэ үед удирдлагыг хэнд өгөх нь Ларри Пейжэд тун ч хялбар шийдвэр байжээ.
Ердөө л Сундар Пичайг томилж, гарын үсэг зурахад хангалттай. Сүүлийн хоёр жилийн турш Андроидыг удирдаж байгаа Пичай ингэж нэг гэрлийн хурдаар өсөж дэвшсэн юм.
Google-ийн Андроидыг хэрэглэгч томчуудтай харилцах хүнд үүрэг түүнд ногджээ. Samsung компани Андроид үйлдлийн системд суурилсан өөрсдийн Magazine гэх UX-ийг танилцуулсан нь маш том цохилт байв.
Харин Энэтхэг хүү л хэдэн сарын турш Солонгосчуудыг ятгаж байж том харилцагчаа алдаагүй юм. Ямар ч байсан 1998 онд байгуулагдсан өнөөдөр дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг болсон 60 тэрбумын үнэлгээтэй Google-ийн удирдлагыг технологийн салбарын шилдгүүдийн нэг үргэлжлүүлэн авч явахаар боллоо.
gogo.mn