2015-08-01

Ч.Ганхуяг: Манай бизнес эхлүүлж байгаа залуус байгаа юмыг илүү сайжруулж гаргаж ирэх гэж нилээд цаг алдаад байдгийг би анзаардаг.

2014 оны Амазон, Нью Йорк таймсын бестселлер, PayPal-ийн үүсгэн байгуулагч, Facebook-т гаднаас анх хөрөнгө оруулсан Питер Тиэл-ийн "ТЭГ-ээс НЭГ рүү тэмүүлэх нь" номыг iSquare Publishing албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ гаргаж байгаа билээ. Ингээд энэ номны Монгол хувилбарт зориулж бичсэн Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийн өмнөх үгийг хүргэж байна.
11155108_973194929359734_4955087343625814924_o
Өмнөх Үг
Саяхан iSquare Publishing-ийн залуус орчуулсан номныхоо өмнөх үгийг бичиж өгөхийг хүссэн бөгөөд бид Фэйсбүүкээр эчнээ танилцаж, тэд нар надад саналаа хэлсэн юм. Би номыг нь уншаагүй байсан тул надад Монгол орчуулгаа, Англи эхтэй нь эхэлж мэйлдчихээд маргааш нь номоо авчирч өглөө. Таны гар дээр өнөөдөр Монгол хэл дээр хүрээд байгаа эл ном нь миний бизнес эхлүүлж, удирдаж, амжилтанд хүргэсэн туршлагыг алган дээр гаргаад тавьсан юм шиг миний сэтгэлийг нэг сайн уудлаад өгснийг юуны түрүүнд хэлэх нь зүйтэй. Зохиол надад нэг л дотно, ойлгон тунгаахад хялбар, нүд салгалгүй, толгой дохиж сууж байгаад л уншаад дуусгасан. Би өөрөө олон бизнес эхлүүлэн тодорхой түвшинд хүргэж үзсэн, өдөр тутамд учирдаг хүндрэл бэрхшээл, бүр том хямралыг мөн л даван туулж ирсэн нэгэн. Зөвхөн хай-тек буюу технологийн бизнесийг хэрхэн яаж байгуулж, улмаар амжилтанд хүргэх бус бүхий л бизнесийн нийтлэг ойлголтуудыг маш содон ондоо байдлаар гаргаж ирсэн нь надад их дотно санагдлаа. Утга, хэлэх гээд байгаа ухагдахууныг маш энгийн хялбар аргаар тайлбарлан, зохиолчийн санаа тод илэрхийлэгдсэн, хамгийн гол нь бизнес эрхэлж байгаа хэн бүхэнд туйлын ойрхон сонсогдох зүйлсийг их шинэлэг өвөрмөц байдлаар тайлбарлаж гаргаж ирсэнд би олзуурхав.
Удалгүй би найзынхаа урилгаар Франц явах болж тэнд очиж нөгөө номны тухай ярьж, зарим найз нар маань нь энэ номыг уншсан болж таарсан тул би хоёр андынхаа сэтгэгдлийг мөн энд хавчуулж, хамтран өмнөтгөлөө бичихээр шийдэв.
Пьер Косюско-Моризет нь ПрайсМинистер компанийг үүсгэн байгуулсан интернет энтрепренёр. Одоо ИСАИ буюу Францын Интернет Энтрепренёруудын Сангийн захирал. Дэлхийн Залуу Манлайлагч нэгэн.
Пиер хэлэхдээ, жижигхэн зах зээлийг сонгон түүний томоохон хэсгийг эзэлж авах хэрэгтэй. Тэр зах зээлдээ манлайл. Жижигхэн ч гэсэн монополийг үүсгэ. Мөн компани үүсгэн байгуулахдаа сайн мэддэг, өөрийн ойр дотны найз нартайгаа нийлээрэй. Огт танихгүй, мэдэхгүй хүмүүс мундаг компани байгуулахад бэрх. Багийн гишүүд бие биенээ сайн ойлгодог, харилцан бие биенээ хүндэлж, хамт ажиллахад зорилго нэгтэй баг болж чадвал хамгийн сайн хэрэг. Эцэст нь, чиний гаргаж буй бүтээгдэхүүн зах зээл дээр байгаа бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс 10 дахин сайн байх ёстой. Бүтээгдэхүүн болон харилцагчийн үйлчилгээ, түүний авах мэдрэмжийг хамгийн дээд цэгт хүргээрэй гэв.
Рой Соса, МПауэр Лэбсийн үүсгэн байгуулагч. Өмнө нь НэтСпэнд Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн л Дэлхийн Залуу Манлайлагч.
Тэрээр, би Тэгээс Нэг рүү гэх энэ номонд үнэхээр дурласан. Хүн зоригтой байх ёстой. Асуудлыг шийдэх санаа олж, мөнгө босгон багаа бүрэлдүүлж, компани байгуулан бүтээгдэхүүн гаргана гэдэг бол зориг. Тэгээд энэ бүхнийг хурдан шаламгай гүйцэтгэх чадвартай байх ёстой. Хүүхдүүд яаж юм сурдаг вэ? Айдасгүй байдаг, байнга мэдлэгийг олж авахыг хүсдэг, асуулт асуухаас айдаггүй. Сониуч байдаг. Ийм байж л шинэ санаа гарна. Компани байгуулахдаа хайртай, итгэдэг хүмүүстэйгээ нийлэх ёстой. Зарим юм өөрчлөгдөнө, зарим юм нурна, зарим үед хүндрэл бэрхшээл учирна. Би гэртээ, ээж аавындаа урьж аваачих хүмүүстэй л бизнес эхлүүлдэг. Тэгээд мөн нэгээс дараагийн шатанд гаргах менежерүүдийг цаг алдалгүй оруулж ирэх чухал байдаг.
Питер Тиелын 0-ээс 1 рүү гэх энэ ойлголтыг би өмнө нь дуулж байгаагүйг нуух юун. Номыг уншаад үнэхээр л байхгүй юмыг бий болгож байж, өрсөлдөгчгүй, монополь байдлаар ажиллаж чадвал компани хамгийн их өндөр ашиг хийж, өргөжин тэлэх боломжтой болдгийг маш ойлгомжтой харуулжээ. Манай бизнес эхлүүлж байгаа залуус байгаа юмыг илүү сайжруулж гаргаж ирэх гэж нилээд цаг алдаад байдгийг би анзаардаг. Энэ номыг тэд заавал уншаасай гэж би хүсэж байна.
20 дугаар зууны хувьд Монгол Улс асар их өөрчлөлтийг хийж чадсан. Монгол Улс буурай хөгжилтэй, ядуу, алслагдсан колониос тусгаар тогтнол, эрх чөлөөг олж авч, баталгаажуулан олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүгээр ч зогсоогүй хотжилт, үйлдвэржилт, даяаршил, хөгжлийг бидний өвөө, эмээ, аав, ээж нар маань бидэнд авчирч өгсөн. Харин бидэнд, залуус та нарт өмнөх үеийнхээ ололт амжилтыг баталгаажуулж, 21 дүгээр зуунд Монгол Эх орноо хамгийн өндөр хөгжилтэй улс болгож, ард иргэд нь хамгийн чинээлэг, нийгмээрээ хамгийн аз жаргалтай, эдийн засаг нь өндөр өрсөлдөх чадвартай, хүн нь Дэлхийн иргэн болох ажлыг гүйцэлдүүлэх хувь тавилан, үүрэг оногдож байна. Энэ номыг олж уншин орчуулж, үе тэнгийнхэндээ хүргэж өгч байгаа залуус шиг олон сайхан залуус энэ улсын ирээдүйг гэрэлтүүлнэ, бидний хойч үеийг түүчээлнэ. Тэдэн шиг санаачлагатай, сэтгэлтэй, зоригтой, ухаантай, юм хийж чаддаг иргэд нь энэ улсыг цаашид авч явах болно гэдэгт би бат итгэж байна. Та бүхэнд амжилтын дээдийг хүсье!
Эцэст нь захихад Англи хэл сурч амжаагүй байгаа бол заавал сурахыг хичээгээрэй. Хэл бол үндсэн харилцааны хэрэгсэл. Англи хэл нь энэ дэлхийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн харилцааны гол хэл. Дэлхий цаашид ч улам хавтгайрна. Харин чи бол энэ дэлхийн иргэн.
Хутагт овогтой Чулууны Ганхуяг

эх сурвалж: startup.mn

About Us

Recent

Random