Италийн кибер аюулгүй байдлын Hacking Team компани олон орны тагнуул, цагдаагийн байгууллагуудтай хамтран ажилладаг болох нь илрээд сар орчим болох гэж байна.
Тэдний нийтэд ил болсон 400GB орчим дотоод мэдээллийг тойрсон дуулиан үргэлжилсээр байна.
ARStechnica сайтын мэдээлснээр Италичууд том хакеруудаас системийн цоорхойн тухай мэдээлэл худалдаж авдаг байсныг нь харуулсан имэйлүүд олноор олджээ.
Тухайлбал тэд 2013 онд Москвагийн хакер, 33 настай Виталий Тороповоос хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг Adobe Flash системийн цоорхойн тухай мэдээллийг худалдаж авчээ.
Торопов тэдэнд эхлээд хэд хэдэн цоорхойн мэдээлэл байгаагаа дуулгаад авахыг санал болгосон байна. Наймааны зарчмаар Торопов дуртайгаа сонгож авч болно, бөөнд нь авбал үнэ хямдарна, дангаар эзэмших эрхтэй авбал үнэ гурав дахин нэмэгдэнэ гэх зэргээр ярилцжээ.
Hacking Team-ын гүйцэтгэх захирал Дэвид Винчензети тэр дор нь хариу өгч Adobe Flash-ын цоорхойг $45,000-аар худалдаж авсан гэнэ.
Төлбөрийг хувааж хийх ба хэрвээ төлөхгүй удвал системийн цоорхойн мэдээллийг Торопов Adobe компанид хэлж арилгуулна гэсэн нөхцлөөр ярьжээ. Мэдээлэл нь үнэхээр хэрэгтэй, чухал зүйл байсан тул Италичууд төлбөрийг дор нь хийсэн байна.
Тороповоос сэтгүүлчид онлайнаар цөөн хэдэн асуултанд хариулт авахад “Hacking Team-ын байр суурийг өөр нэг компани эзэлж авах хүртэл тэд асуудалгүй ажиллах биз. Би тэдэнд ийм зүйл тохиолдоно гэж бодоогүй, бас сонсоод гайхаагүй. Ийм зүйл үргэлж л болж байдаг. Яаж мэдээллээ алдсаныг нь ч сонирхоогүй” хэмээн ярьжээ.
Ийнхүү том компаниудын системд цоорхой байгааг илрүүлж зардаг хүмүүс өнөөдөр хамгийн их орлоготой амьдарч байна.
IKON.MN