2015-08-05

ТВ мэдээг дахин зохион бүтээх нь

ron burgandy breaking news
-Шүүмж ба санал-
Сэтгүүл зүйн профессор, ТВ шүүмжлэгч Jeff Jarvis
Телевизийн мэдээ тэр тусмаа дотоод мэдээнүүд үнэхээр муу. Гэгээлэг зүйлсээс илүү халуун сэдвийг голчлон үзүүлнэ. Бага зүйл хэлж түүнийгээ олон давтдаг. Цаг агаарын мэдээ гэхэд цасны гүнийг шугам бариад хэмжих нь холгүй. Салхинд зогсоод салхилж байгааг батлах гэж хичээдэг. Гал түймэрт цөөн хүн хохирдог хэдий ч ТВ-үүд мэдээлэх дуртай сэдвүүдийн нэг.
Яагаад гэвэл телевизийн мэдээнд дүрс хамгийн чухал.
Шуурхай мэдээ (Breaking News) хүргэдэг ч мэдээлэл нь бага. Ерөнхийдөө ойлгомжтой, давтсан, мөн улиг болсон зүйлсийг үзүүлдэг. Зөвхөн ТВ-д зориулж хийсэн ПиАр арга хэмжээнд хүүхэд шиг хууртан мэдээлдэг. Ээдрээтэй асуудлыг үзүүлэхдээ хуурамч бөгөөд асуудлыг ерөнхийлөн тэнцвэржүүлдэг. Телевизийн мэдээ зодоон өдөх дуртай. Нөгөө л нэг хэдэн нөхөдтэй ярилцана. (манайд бол ТВ баатрууд гэдэг)
Хуурамч өнгөөр ярина. Бодит байдлыг шинээр бүтээж үзүүлнэ. Сурвалжлагч студи-тэй холбогдонгоо зөвхөн камерт зориулан толгойгоо дохино. Англид үүнийг “noddy” гэж хэлдэг. Хүмүүс гудамжаар алхаж байгааг үзүүлнэ. Үүнийг “B-roll” гэдэг.
Энэ дундаас хамгийн тэнэг нь стэнд-ап буюу аль нэг байршлаас холбогдон мэдээлэл хүргэдэг явдал. George Washington-ы гүүрний урд явуулын станцаа чирч очоод New Jersey-гийн захирагч Chris Christie-гийн талаар болон хаагдсан замын талаар яриад л байна. Очсон байршилд нь эх сурвалж байхгүй, албаны хүн байхгүй, гэрч хохирогч байхгүй байхад тэнд ямар сэтгүүл зүй хийх гэж очсон юм бол бүү мэд.
Телевизийн мэдээний хувьд энэ дэлхий бол тайз харин хүмүүс зүгээр л props буюу үзүүлэх дүрс.
Телевизийн мэдээ сэтгүүл зүйд зориулсан хайран баялагийг үрэн таран хийж өөрсдийнхөө түгээдэг үнэт зүйлсийн өмнө хариуцлага хүлээдэггүй. 
Гэхдээ зөвхөн энэ талаар шүүмжлэхээс илүү хэрхэн сайжруулж болох талаар бодож үзлээ.
  • ТВ олон нийтийг уриалан дуудаж чадна.
  • ТВ товчлон тоймлож чадна. Заримдаа үүндээ хэтэрхий сайн байдагт асуудал бий. Юу болоод өнгөрсөн талаар товчхон тоймлох нь мэдээний чухал үүрэг.
  • ТВ олон өөр үзэл бодол тайлан мэдээллийг зохицуулагч хийн үзүүлж чадна.
  • ТВ нарийн ээдрээтэй асуудал, сэдвүүдийг тайлбарлаж чадна. dumb it down буюу заавал ерөнхийлөн сэдвийг хөнгөвчлөх шаардлагагүй.
  • ТВ жишээгээр үзүүлж чадна.
  • ТВ хамтран ажиллахыг дэмжиж чадна. Гэрч болсон хүмүүс өөрсдийнхөө харж буй зүйлийг мэдэж байгаа мэдээлэлтэйгээ хуваалцаж болно.
  • ТВ хэлэлцүүлж чадна. Орилж хашхирах шаардлагагүй.
  • ТВ маш олон төрлийн хүний дуу хоолой, байр суурийг үзүүлж чадна. Одоо хүн бүр утас, зөөврийн компютертаа камертай болсон.
  • ТВ дүр бүтээж, дүр эсгэлгүй хүнлэг байж чадна.
  • Интернэт ТВ-үүд одоо цагт баригдалгүй видеоноос өөр хэлбэрт шилжиж болно.
  • ТВ хоёр талт харилцаа байж болно.
  • ТВ цаг нөхсөн хоосон яриа биш хоногшин үлдэх үнэт зүйлс бүтээж чадна.
ТВ эдгээрийг хийж чадвал ТВ хэвээрээ үлдэх үү?
Онлайн орчинд шинэ медиа бүтээж буй улс өөрсдийнхөө хийж буй зүйлсийг телевиз гэж хэлэхээс тойрч гүйгээд байгааг би ойлгож байна. Та нар телевиз гэдэг үгтэй цуг ирдэг хүнд ачаанаас эмээж байгаа. Телевиз гэдэг концептийг өөрчлөж хуучин ойлголттой нь хаяхгүйгээр өөрчлөх сонголт та нарт бий. Тун удахгүй хэвлэл мэдээллийн сувгуудыг хооронд нь ялгахад төвөгтэй болно.
Сонин сэтгүүлд гардаг хэвлэмэл мэдээ онлайн болохдоо видео болон аудиогоор баяжсан. Телевизээр гардаг мэдээ онлайн болохдоо текст болон фотогоор баяжсан. Аль аль нь үзэгч, уншигчидтай харилцах болон хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болжээ. Гэсэн хэдий ч телевиз гэсэн үг, ойлголтын үнэ цэнэ надад мэдрэгдэж байгаа учраас би шинийг санаачлагч, задгай сэтгэгчдийг энэ салбарыг эзлэн авч хуучин эзэмшиж ирсэн эздийн уламжлалт ойлголт, ядуу сэтгэлгээнээс салгаасай гэж хүсдэг.
Шинэ залуу телевизүүд ширүүн өрсөлдөөнд үйл ажиллагаа нь доройтож байгаа боловч тэдний бизнес өсч, үзэгчдийн дийлэнхийг татаж чадаж байна. Тэд өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Сонин, сэтгүүлүүд одоо видео агуулга нийлүүлдэг болсон ч телевизийг дуурайх гээд хөлөө хөлдөөж эхлэлээ. Өөрчлөлт хэвлэл мэдээллийн салбарын гаднаас ирнэ. Миний яриад байгаа шинэ ТВ ямар байж болох талаар зарим таамаглал дэвшүүлье:
Маш олон чих, маш олон нүдтэй ТВ:
Piers Morgan-ы оргил цагийн ярилцлагыг цуцлахдаа CNN-ийн ерөнхийлөгч Jeff Zucker өөр ярилцлага авах том зочин үлдсэнгүй гэж хэлсэн юм. ТВ дандаа нөгөө л нэг хэдэн тв-ийн баатруудтай ярилцдаг. Одоо харин сая сая хүмүүс телевиз, webcam, laptop, утсандаа камертай болсон юм чинь хэнтэй ч ярилцлага хийж болно. Олон төрлийн үзэл бодол, дуу хоолойг телевизэд авчрах боломжтой болсон.
Төсөөлөөд үз дээ CNN-ийн Wolf Blitzer-ийн үйл явдлын өрөө нэвтрүүлгийн хана дүүрэн хүмүүсийн нэр, зураг хайрцаглан байрлуулна. Доор нь тэдгээр хүмүүсийн бичсэн жиргээ харагдана. Хүн бүрийн байр суурийг үзүүлнэ гэсэн үг. Хөтлөгч тэр хүн бүр дээр дарахад тэдгээр хүмүүс сэтгэгдлээ хэлж болдог байвал. Эсвэл хөтлөгчийг бүүр халаад үзэгчид өөрсдөө тэр хүмүүсээс хэнийг сонсохоо сонгодог байвал ямар вэ? Хайрцагт байгаа хүмүүс хаанаас ч холбогдсон мэргэжилтнүүд байж болно.
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар настай хүмүүсийн панел байж болох жишээний. Төр засгийн төлөөллөөс энгийн иргэд асуулт асууж ярилцлага ч хийж болно. Үзэж буй хүмүүс өөр хоорондоо бичсэн жиргээ болон сэтгэгдлийг чатаар харж болох боломжтой болговол. Үзэж буй хүмүүст хэлэх сонирхолтой санаа байвал камераа асаагаад холбогддог болговол. Ийм техникийн боломж Google+ Hangouts дээр хийгдсэн байгаа.
Би ийм шоу хийхийг удаан хүссэн юм. Fox News-г санаачлагч Roger Ailes гайхамшигтай санаа олсон хүн. Түүнд улс төрийн эсвэл сэтгүүл зүйн гайхалтай авьяас байгаагүй тэр зүгээр л эдийн засгийн шийдэл олсон. Мэдээ хийх биш мэдээний талаар маргалдаж олон юм чалчих нь хямдхан бас олон үзэгч татна гэдгийг ойлгосон юм. Мэдээ бэлтгэх буюу сурвалжлага хийх биш бусад мэдээний талаар маргах гэсэн үг.
Түүний санаанд ганц л сул тал байлаа. Fox-ийнхонд дуудаж авчраад маргах хүмүүс хэрэгтэй болов. Би тэдний New York дахь студээс ганцхан байрны цаана ажилладаг байхад намайг сүүлийн мөчид зочноор дууддаг байв. Мэдээж тэдний эхний сонголт буюу эхлээд дуудсан хүн ирвэл намайг соёлтой зайлуулдаг байлаа.
Webcam анх гарахад би хуучны танил тухайн үед News Corp-ийн захирал байсан найздаа Fox тэдний байнгын комментатор хийдэг байсан Andrew Napolitano-гийн гэр болон оффист байрлуулахыг санал болгож байлаа. Хэрэв шүүх дээр том хэрэг очвол тэд түүнийг эфирт холбож шүүхийн шийдвэр гартал мэргэжлийн хүний ярилцлага оруулж болох боломжтой гэдгийг санал болгосон юм. Манай найз миний саналыг дэд захиралд нь танилцуулсан боловч телевизийн шаардлага хангахгүй гээд хүлээж аваагүй юм. (Би Ailes-д туслаж чадаагүйдээ дараа нь өөртөө баярласан.) Гэвч хэсэг хугацааны дараа Fox жижиг камер болон сансарын утсаар Иракт ажиллаж байсан Oliver North-той холбогдож эхэлсэн юм. Төд удалгүй би гэрээсээ MSNBC-д холбогдож шинээр төрөн гарч байсан блоггеруудын талаар санал бодлоо хуваалцдаг болсон юм. Харамсалтай нь камерны талаар сэтгэл хөөрөл удаан насгүй байлаа. Камер cool биш болсон юм. Яагаад гэвэл телевизүүд камерийг гоё харагдуулахад ашигласан болохоос биш шинэ хүмүүсийг бодлыг сонсох зэвсэг болгосонгүй.
ТВ одоо хүмүүсийн байнга биедээ авч явдаг камерийг ашиглан мэдээг жинхэнэ гэрчийн нүдээр илүү түргэн, илүү бодитоор авах боломжтой болсон. Ирээдүйд бидний санаа зовох зүйл бол үйл явдал болж буй байршилд буй хүмүүсийг олж тогтоон, нягтлан шалгах л асуудал байна. Тэгж чадвал тэдгээр хүмүүс харж буй зүйлээ хуваалцана. #OccupyWallStreet жагсаалыг 20 цаг iPhone утсаараа тасралтгүй цацаж нэрд гарсан Tim Pool үүний тод жишээ юм. Телевизийг өөрчлөгчдийн хамгийн том төлөөлөл болсон Vice-д ажиллаж байхдаа тэрээр мөн Google Glass -аар авч буй дүрсээ телевизийн эфирт цацсан анхны сэтгүүлч юм.
Дараагийн алхам бол үзэгчид мэдээллийн агуулгад их бага хэмжээгээр оролцох. Үйл явдал дээр байгаа хүн эсвэл сурвалжлагчийг энд очиж үзүүлээч эсвэл тийм асуулт тавиач гэх боломж. Хөгжлийн бэрхшээлээсээ болж аялах боломжоор хязгаарлагдсан залуу бүсгүй M. Monica Google+ ашиглаж аялагчдыг камераа аль зүгт харуулах зэргийг хүсч олон сайхан газар үзсэн жишээ байна. Мобайл технологийн хүчээр тэсрэлт хийсэн энэ олон камерны ид шидийг уламжлалт телевиз өөрийнхөө хана хэрмийг эвдэж ашиглаасай гэж би хүсэлтэй явдаг.
Сүүлийн үед: Кабелийн телевизийн хамгийн том давуу тал, хамгийн сул тал нь байдаг. Энэ бол — Шуурхай мэдээ — Мэдээний хөтлөгч бидэнд юу болсон талаар хэлсэнээс хойш нөгөө л мэдээллээ видеотой цуг давтаад байдаг. Зарим нэг таамаглал дэвшүүлэхээс хэтрэхгүй. Үзэгчдийг хэдхэн минутын өмнө болсон зүйлсийг мэдэж байгаа гэж итгүүлэх гэж оролдож буй хэдий ч бид хэдэн цагийн өмнө тухайн мэдээллийг авсанаас хойш шинэ зүйл өгөхгүй давтсаар.
Тэрээр өөр мэдээ уншиж болох ч үзэгчдийн анхаарал өөр тийш шилжихээс, бусад сувагт үзэгчээ алдахаас сэргийлээд нөгөөдхөө давтаад л байдаг.
Кабелийн телевизийн хамгийн том давуу тал, хамгийн сул тал нь байдаг.
 
2014 онд кабелийн телевизийн хуурамч шуурхай мэдээ утгаа алдсан гэж хэлж болно. Malaysia Airlines-ийн 370-р нислэг алга болоход CNN энэ сэдвийг 24 цаг хэдэн долоо хоног мөлжсөн юм. Шинэ мэдээлэл гарч ирэхгүй байхад л хар нүхний талаар ичмээр таамаглал хүртэл дэвшүүлж байв. “Хүмүүс биднийг нэг сэдвийг хэтрүүлж гаргаж байна гэж шүүмжилж байгаа бол бид үүнд эмзэглэхгүй” гэж CNN-ийн захирал Zucker Mashable-д өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тэднийг Jon Stewart-с эхлээд ерөнхийлөгч Obama хүртэл шоолж байхад тэд “үзэгчид өөрсдийн хүссэн зүйлээ илэрхийлсэн. Бидний зөв байсан” гэж мэдэгдсэн юм. Харамсалтай нь CNN үүнээс болж үзэгчдийнхээ дийлэнх хэсгийг мөн тэдэнд итгэх итгэл үнэмшлийг алдсан.
Онлайн орчинд шуурхай мэдээ ийм байх шаардлагагүй. Цаг бөглөх шаардлагагүй юм чинь тэд бидэнд мэдэж буй зүйлээ хэлээд дахиад шинэ мэдээлэл гарч иртэл чимээгүй байж болно. Төсөөлөөд үз дээ ямар нэгэн цахим суваг бидэнд (а) шуурхай мэдээний талаар тодорхой болсон зүйлсийг тоймлон хүргэх (б) шинэ мэдээлэл гарвал бидэнд мэдэгдэх (с) шинэ мэдээлэл гарвал анхааруулж мөн хамгийн сүүлийн мэдээллийг үзэх сонголтыг өгч чадвал.
Видео мэдээ Wikipedia-гийн давуу талыг авч болно. Гэхдээ мэдээж уншигчиддаа явуулах анхааруулгаа хэтрүүлж ашиглаад эхлэвэл ядаргаа болно. ШУУРХАЙ ШУУРХАЙ гээд орилоод гүйдэг хүү шиг байж болохгүй. Тэгвэл бид өөр өөрсдийн бүтээмждээ анхаарч зөвхөн шинэ мэдээлэл гарсан даруй анхаарлаа хандуулах боломжтой болно. Одоогийн кабелийн телевизийн бизнес загвар шинэ зүйлс болж буй мэт хуурамч итгэл төрүүлэн үзэгчээ бариад сурталчилгаа үзүүлээд байдаг нь үнэ цэнэтэй үйлчилгээ биш юм. Харин биднийг шинэ мэдээлэл гарсан талаарх сануулгаар байн байн зочлох боломжийг хангах хэрэгтэй. Энэ бизнес загварыг интернэт боломжтой болгоно.
Тайлбарлагчид ба үндэслэл гаргагчид: Зарим нийтлэлийг агуулга ба чиглэл гэж хувааж болох юм шиг санагддаг. Wikipedia дахиад л мэдээ, сэдвүүдийг тайлбарласан нийтлэл гаргадаг. Vox.com одоо үүнийг бизнес болгож байна. Видеонд орсон тайлбарлагчид ба аливаа сэдвийн талаар мэргэшсэн хүмүүсээр бизнес хийх боломж байгаа.
Аливаа зүйлийг тайлбарлахад видео тусладаг. 
 
Аливаа зүйлийг тайлбарлахад видео тусладаг. Бидний гараас хөтлөөд ярвигтай мэдээллийг задлах чадвартай. CUNY сургуулийн нилээн Entrepreneur сэтгэлгээтэй сэтгүүл зүйн оюутан Christian Fahrenbach герман үзэгчдэд зориулсан түүхийн болон хүнд сэдвүүдийг тайлбарласан видео анимэйшнээр хийдэг. Анимэйшн ашигласан учир түүний видеог өөр хэл рүү хөрвүүлэхэд амархан юм.
Тайлбарлагчдад тийм солиотой компютер график хэрэггүй юм. Заримдаа зүгээр л ухаалаг хүн бидэнтэй ярилцахад сайн тайлбар болдог. Телевизээр график сайн ашиглахыг харсан хамгийн сайн жишээ бол Tim Russert өөрийнхөө жижиг самбар дээр сонгуулийн гарч болох үр дүнгийн талаар хувилбар дэвшүүлж байсан юм. Тайлбарлагчдын бизнес загварын давуу тал бол тэдний видеог үзсэн даруй салхинд хийсээд алга болдоггүй. Тэд цаг хугацааны туршид үзэгч, нэр хүнд, үнэ цэнээ нэмээд явдагт байгаа юм.
Чимээгүй (мобайл видео) кинонууд: Янз бүрийн хэвлэлүүд мобайл бол агуулгаа хүргэх бас нэгэн механизм л гэж харж байгаа. Телевиз богино хэмжээний видео хүргэх суваг гэж хардаг. Мобайлаар үзэж байгаа видео мэдээний гол асуудал хэмжээ биш дуу чимээ гэж би бодож байна.
Метро хүлээгээд зогсохдоо цаг нөхцөөж сүүлийн үеийн мэдээллийг видеогоор авах хэрэгтэй боллоо гэж бодож үзье. Би чихэвчээ гаргаж ирэхгүй л байх. Утасныхаа спикерийг бас асаахгүй. Өөр хүмүүсийг ч гэсэн битгий асаагаасай гэж хүснэ. Ийм тохиолдолд хамгийн тохиромжтой загвар бол сонсох шаардлагагүй, дуу чимээгүй видео хөдөлгөөнт зураг мөн текстээр мэдээлэл хүргэх.
Ойлголтын гүн: Вэбд байрлуулсан видеог богино хийхгүй бол 3 минутаас дээш видеог үздэггүй гэдэг.Эсвэл минут хагас. эсвэл 30 сек. Vine бүүр энэ хугацааг 6 секунд болгосон. Тэгмэгц мэдээлэл дамжуулах хамгийн нимгэн хэлбэрүүдийн нэг маань бүүр нимгэн болж байгаа юм. Зарим тохиолдолд богино байх ёстой гэдгийг ойлгож байгаа боловч миний бодлоор онлайн видеонууд урт бүүр ТВ-ийн агуулгаас урт байх хэрэгтэй мэт. Би Vice-ийн ISIS талаар бэлтгэсэн 42 минутын нэвтрүүлгийг хараа салгаж чадахгүй үзсэн. Таны анхаарлын төлөө онлайн тэмцэлдэх баримтат киночид зөндөө байна. Учир нь тэдэнд ТВ эфирийн цаг мөн театрын дэлгэц олдохгүй. Эфирт 2 минутаар тасдан барин өгсөн ярилцлага онлайн хэдэн минут ч оруулж болно.
Би долоо хоног бүр “Энэ долоо хоногт Google-д” гэсэн нэвтрүүлэгт оролцдог. Leo Laporte өөрөө хөтлөн хүргэдэг тус шоу TWiT (This Week in Tech) сувгаар гардаг. Leo болон манай хамтран хөтлөгч Gina Trapani болон бусад зочидтой бид цаг, цаг хагас, заримдаа бүүр хоёр цаг Google болон бусад технологийн мэдээллийн талаар чалчиж өгнө. Бидний хийдэг шиг шоу агаарын телевизээр гараад хэрэггүй.
Харин онлайн суваг болох TWiT-ийн 20 гаруй шоу өөрийн гэсэн зорилтот үзэгчидтэй болоод долоо хоногт 50,000–250,000 хүн үздэг байна. Ийм цөөхөн хүнд зориулж нэвтрүүлэг хийж яадаг юм гэж бодож байгаа бол MSNBC үүнээс дөнгөж 2 дахин их үзэгчидтэй бөгөөд зарим кабелийн сувгуудын үзэгчдийн тоо маш бага тул Nielsen хэмжүүр дээр ч харагддаггүй байна.
Ямар нэгэн загварт баригдахгүй байх нь ярилцлагын мастерууд болох Laporte болон Howard Stern нарыг сансарын радиогийн нэвтрүүлгээрээ сонирхолтой зочинтой асуултаа дуустал, ханатлаа ярих боломж олгож байна. Laporte зардлаа багасгаж хямдхан боловч өндөр нягтралтай камераар студидээ байрлуулсан бөгөөд Skype болон Hangouts ашиглан над шиг хүмүүстэй холбогдож цуг нэвтрүүлгээ хөтлөн явуулдаг. Уламжлалт телевизийн олон дүрмийг Laporte эвддэг.
Тэрээр ТВ-ийн нэвтрүүлэг хийж байхдаа давхар радио нэвтрүүлэг бүтээдэг. Учир нь түүнийг зарим хүн шууд болон онлайн бичлэг үзэхэд түүнийг машиндаа, гүйж байхдаа мөн ажил дээрээ сонсдог хүмүүс бас байдаг байна. ТВ ба үзэгчдийн хооронд байдаг ханыг тэрээр нураасан бөгөөд нэвтрүүлгийн туршид chat нээлттэй байж хөтлөгчдийг үзэгчидтэй ярих боломжоор мөн асуулт санаа нэмэрлэх боломжоор хангаж байдаг юм. Dan Gillmor нэг удаа хэлэхдээ бидний үзэгчид биднээс илүү зүйл мэднэ гэсэн ба түүнийг ойлгосоноор ТВ хоёр урсгалтай зам болох юм.
ТВ мэдээнд өөрийгөө шинээр нээх маш олон боломжууд байгаа. Бидний хэдэн нөхөд New York хотын их сургуульд (CUNY) үүнийг заахаар хөтөлбөр боловсруулаад байна. ТВ мэдээ дахин төрөх процесс эхэлсэн.
Орчуулсан: Э.Лхагва 

IKON.MN

About Us

Recent

Random