2015-08-25

Монгол зан


 Сая миний хуурай дүү шинэ жилийн бэлэг болгож суут Инжинашийн “Хөх судар”-ын гурван ботийг бэлэглэв. Аль эрт уншаад мартаж орхисон юмаа эргэн уншихад нэлээд эртний нэгэн сургамжит явдал санаанд орж түүнийгээ олонд хүргэхээр шийдэв.

Инжинашийн сургааль

Эхлээд Инжинашийн “Хөх судар”-т юу гэсэн тухай өгүүлье. Тэнд:

ü  “Үзтэл манай Монгол газрын мууг гаргаж тоочвоос тэргүүнд: газар орон нь шороон хөрсгүй, салхи дэгдвээс шар хумаг хийсэн дэгдэж, тэнгэр газар нийлмүй, Бас уул нь оройгүй, хад нь үндэсгүй. Хаврын шуурганаа улайтал шуурч, өөр газарт давшин эчмүй.
ü  Хоёрдугаарт: Усан урсгалгүй, зуны хурын ус ч битүү нуур тунамалд хурмуй.
ü  Гуравдугаарт: Цагийн амьсгал нь хүйтэн жихүүн.
ü  Дөрөвдүгээрт: Нарны ээлт хол, алс, цас хяруу эрт, үр жимс ургахгүй,
ü  Тавдугаарт: Хүний идэх нь мах цус, сүү, тос,
ü  Зургадугаарт: Өмсөх нь арьс хөрс, нэхий унгас,
ü  Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн гэж редактор тайлжээ-Х.Д.Г), санаа нь битүү
ü  Наймдугаарт: төрөх нь (аж төрөх нь-Ред) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам.
ü  Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй.
ü   Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй.
ü  Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй.
ü  Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс.
Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. Тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторх адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр халж (хэлж ?) баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу?.

Суут Инжинаш ингэж хэлсэн юм. Тэр монгол хүнээ ингэж муулаад өнгөрсөн юм биш л дээ. Тэр цаашаа: “Тийн атал, үүний дотор харин арван ангийн сайн гайхамшигтай газар амуй, нэг нэгээр тайлан гаргахыг сонс” гэж байгаад агуу сайхан Монгол орноо, монгол хүнээ магтан дуулсан байдаг юм. Суу ухаан гэж үүнийг л хэлдэг байх. Харин тэр магтсаныг нь Та нар өөрсдөө “Хөх судар”-аас олж үзнэ биз…

Би ойлгохдоо чухам энэ “муулсан” хэсгийг нь бид онцгой анхаарч, ухаарч сэхээрэх ёстой гэж санана. Муулах ч гэж дээ, яг үнэнийг хэлсэн байгаа юм. Ганц Инжинаш биш л дээ, суут Данзанравжаа ч бас л ингэж хэлж байсан…

Надад тохиолдсон онигоо

Энэ явдал арав гаруй жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даш-Ёндонгийн өрөөнд болсон юм. Бид монгол ёс заншлийн холбогдолтой нэг хурлын бэлтгэл хангах зөвлөгөөн маягийн юм хийж байсан юм. Гэтэл Б.Даш-Ёндон багш “Хөх судар”-ын яг энэ хэсгээс “явдал цөлс, цөлх” гэдэг үгийн утгыг асуудаг юм байна. Өөрөө мэдэхгүй байгаа юм биш л дээ. Биднийг өдөж байгаа хэрэг. Би ч яахав, “Монгол Менталитет” өгүүллээ бичих гээд чамгүй их материал цуглуулж, тэрийгээ эвлүүлж амжаагүй, тэгэхдээ “онолын ланжгар” бэлтгэлтэй байсан үе юм. Шууд л дайраад орчихлоо доо…

Ингээд хурлын бэлтгэлийн асуудлыг монгол хүний мөн чанарын асуудал болгож “онолын хэрүүл” болгон хувиргав. Би л оройлон манлайлж, гал асаагаад байгаа хэрэг шүү дээ…

Сүүлдээ Б.Даш-Ёндон багш “Та нар хэрэлдэх газраа очиж хэрэлд” гэж биднийг өрөөнөөсөө хөөн гаргав. “Онолын” маргаан коридорт, улмаар манай өрөөнд үргэлжлэв. Нэг ийм онигоо болсон юм.

Ер нь бол манай хурал сайн болсон. Мөн миний “Монгол менталитет” өгүүлэл нэлээд сайн болж, гадаадын хэд хэдэн хэлэнд орчуулагдсан. “Хэрүүл” хийсний ач шүү дээ. Сүүлд Б.Даш-Ёндон багшийн хэд хэдэн сайн өгүүлэл гарсансан…
Одоо энэ явдлыг бодохоор миний инээд хүрдэг юм. Гэхдээ Инжинашийн сургааль байн байн бодогдом бөлгөө…

Одоо

Одоо ч гэсэн монгол хувь хүн Инжинашийн хэлснээс онц их өөрчлөгдөөгүй. Шалгаад үзье. Инжинаш монгол хүнийг монгол газар нутагтай нь хамт шинжилсэн боловч ялган үзвэл монгол хүнийг 7-12 дугаар зүйлдээ авч үзсэн. Суут Инжинашийн монгол хүний талаар хэлснийг ялгаж аваад ар талд нь орчин үеийн шинжлэх ухааны түгээмэл нэр томъёо харгалзуулан тавихыг оролдоод үзье.

7 дугаар зүйлд: хүний зан чигч шулуун. Гэхдээ сэтгэл нь атгаг, явдал нь цочмог, санаа нь битүү. (хувь хүн төлөвшөөгүй, нийгэмшээгүй)
8 дугаар зүйлд: түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. (соёлгүй, бүдүүлэг, иргэншээгүй)
9 дүгээр зүйлд: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. (эрхэмлэлийн системгүй, үнэт зүйлгүй)
10 дугаар зүйлд: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. (чиг зорилгогүй, эрхэмлэлийн системгүй, идэвхигүй)
11 дүгээр зүйлд: ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. (иргэншээгүй, бүдүүлэг, соёлгүй)
12 дугаар зүйлд: авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. (тэнэг бөгөөд дүүрсэн худалч)

Ингээд бид Инжинашийн тодорхойлолт орчин үеийнхтэй шууд “таарч” байгааг маш хялбар аргаар мэдэж авлаа. Би энд маш товч, хялбаршуулсан аргаар тайлбарласан боловч Та бүхэн цааш дэлгэрүүлэн ухвал үй түмэн утга салаалан гарах нь ямар ч эргэлзээгүй…
Ухаандаа миний “Монгол менталитет”-аас цааш судалгаа хийж, ном өгүүлэл бичиж болно биз дээ. Худлаа чалчаад байхынхаа оронд…

Одоо асуулт үүснэ. Өөрсдийнхөө тэнэг гэдгийг нотолсноор Та яах гээд байгаа юм ?! Харин эндээс чинь л хамаг зөв юм гарч ирнэ ш дээ…
Яагаад гэвэл өөрийгөө ухаантай гэж бодсон тэнэгээс илүү аймшигтай юм энэ хорвоод байдаггүй юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn 


About Us

Recent

Random