2015-10-24

А.Амарбаяр: "Amazon" компани Азийн зах зээл рүү орж эхэлсэн


8b3d79 10897914 10152964572316597 1970151392065084437 n x320
Мэдээллийн технологийн хүчээр хүн төрөлхтөн хүссэнээ бүтээж, ажил амьдралаа хялбаршуулж байгаагийн нэг тод илрэл нь онлайн худалдаа. Тэгвэл энэ салбарт онлайн худалдааны “Их дэлгүүр” гэгдэх “Amazon”компани тэргүүлэх байр суурийг эзэлдэг.
АНУ-ын “Fortune 500” компанийн жагсаалтын 29 дүгээрт бичигддэг тус компанид Монгол залуу ажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Amazon ” компанийн инженер А.Амарбаяртай цахимаар ярилцсанаа хүргэе.
Уншигч та А.Амабаярын IT-гийн компаниудын ажлын ярилцлаганд орж байсан тухай, тэд ажилтны юуг нь илүү харж ажилд авдаг, ажилд горилогчид юун дээр анхаарч бэлдэх ёстой байдаг зэргийг өөрийн блог хуудсандаа нийтлэснийг сонирхохыг хүсвэл ЭНДЭЭС үзэх боломжтой.



-Сайн уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Амарсанаагийн Амарбаяр гэдэг. Улаанбаатарт төрж өссөн.
Ахлах сургуулиа төгсөөд 2006 онд АНУ-ын Хойд Дакота мужийн Дикенсоны их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас Айова мужийн Фэйрфиелд хотод магистраа эхлүүлсэн. Одоо АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод программ хангамжийн инженерээр “Amazon” компанид ажиллаж байна.
-Ажлынхаа талаар яриач. “Amazon” компанийн ажил хэрхэн явагддаг вэ?
-“Amazon” компани 1994 онд байгуулагдсан. Жил бүр Америкид “Fortune 500” гээд шилдэг компаниудын жагсаалтыг гаргадаг. Манай компани жагсаалтын 29-д орсон. Энэ бол маш том үзүүлэлт. Ажилчдын тоо, орлого, сэтгэл ханамж, хангамж, компанийн үнэлэмж, бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтээр гаргадаг жагсаалт. Сүүлийн хэдэн жилд “Amazon” маш хурдацтай өссөн. 150 мянга гаруй ажилтантай, дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, АНУ-ын зах зээл дээр гэхэд 200 гаруй сая нэрийн бараа бүтээгдэхүүн өөрийнхөө цахимаар зарж борлуулдаг.
Хүмүүс бараагаа “Amazon.com” сайтад байрлуулдаг.Түүнийг нь хэдэн сая хүн өдөр тутам худалдан авч байдаг. Манай үндсэн ажил онлайн худалдаа. Мөн хүргэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн зул сарын баяраар Англиас “Amazon”-д ирсэн захиалга ихдээд тэндэхийн хүргэлтийн том компани ажилласан ч хүч дутсанаас асуудалд орж байсан. Тиймээс манай компани өөрөө ложистикийн үйлчилгээ гаргахаар ажиллаж байна.
Мөн IT-ийн салбарт үүлэн тооцооллын шийдлүүд гарч ирж байгаа. Албан байгууллага, сургууль, эмнэлэг ч бай компьютер гээд том процессор, дэлгэц чирэхгүйгээр интернэттэй байхад хүссэн үзүүлэлттэй компьютерийг нь олгодог боломжийг хангаж өгдөг шийдэл юм. Өөрөөр хэлбэл, жижиг дэлгэц, интернэтэд холбогдох төхөөрөмж байна. Үйлчлүүлэгч ийм супер үзүүлэлттэй компьютер авъя гэхэд үүлэн дээр суурилсан шийдлээр “Amazon”-ooc яг тэр компьютерийг нь асаагаад хэрэглэгчдэд өгнө. Хэрэглэгч компьютерийг өөрийн юм шиг удирдаж ажлаа хийж болно. Манайх энэхүү үүлэн орон зайд гаргаж байгаа шийдлээрээ дээгүүрт явдаг, ганц, хоёр том өрсөлдөгчтэй.
-Харин таны хийдэг ажлын тухайд?
-Монголоор бол программ хангамж/автоматжуулалтын инженер гэж орчуулвал болох байх. Гэхдээ арай шинэлэг төрлийн ажил. Dev-Ops буюу Development + Operation хоёрыг нийлүүлсэн инженер юм. Ихэнх компанийн программистууд программ бичээд болчихдог. Программ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид очиход асуудал гарах эсэх нь тэдэнд хамаагүй. Тэр асуудлыг шалгах тестер инженерүүд байна. Эсвэл утсаар зөвлөгөө өгж, асуудлыг шийдэж өгдөг техикийн инженер байдаг. Гэтэл гаргаад ирсэн програмыг ажиллуулахын тулд систем админууд гээд хүмүүс бас ажиллаад сууж байдаг. Энэ ажлуудыг ерөнхийд нь нэгтгээд Dev-Ops гэсэн инженэрийн төрөл гарч ирсэн гэж болно. Эхнээс нь дуустал энэ ажлыг авч явдаг инженер гэсэн үг. Энэ төрлийн мэргэжлийн инженер зөвхөн программын мэдлэгтэй байгаад зогсохгүй хүмүүстэй харилцах, менежмент хийх өндөр чадвар шаарддаг. Анхандаа DevOps гэдэг бол байгууллагын шинэлэг хандлага, процесс байсан бол саяхнаас мэргэжил болоод хүчтэй гарч ирж байгаа. Ийм инженер программ бичнэ, асуудал үүсвэл хэрэглэгчтэй шууд харилцах жишээтэй. АНУ-ын IT-ийн зах зээл дээр Dev-Ops инженер эрэлттэй болж байгаа. Манайхаар бол Dev-Ops инженерийг код бичдэг, систем админ хийж байсан, сүлжээний мэдлэгтэй, бас тодорхой хэмжээний тест хийх чадвартай хүмүүс хөнгөхөн хийчих ажил. 
-“Amazon” компанид хэрхэн орж байв?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард хичээлээ дуусгаад ажил хайж эхэлсэн. Ажил хайна гэдэг том ажил. Өглөө босоод өдрийн найм, есөн цагийн турш ажлын зар харна. Өөрийнхөө профайлууд үүсгээд энд тэндхийн цахимд байрлуулна. Хүмүүстэй утсаар ярилцлага хийнэ. Стресстэй болж эхэлнэ, ажил олдох уу, олдохгүй юу гээд. Зарим газарт ярилцлага өгөхөд тэнцэнэ, унана. Хүссэн компани руугаа аппликейшн бөглөөд явуулахаар хариу өгөхгүй байх жишээтэй. Би өөрөө том технологийн компанид ажиллана гэсэн зорилготой байсан.
Манай сургуулийн оюутнууд “Амазон”, “Фейсбүүк”, “Гүүгл”, “Майкрософт” компанид орчихвол нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин би “Майкрософт” компанийн талаар багадаа сонсож байсан. Тэнд ажилладаг хүмүүс далайн эрэг дээр компьютерээ барьж очоод нар жаргаж байгааг харангаа ажлаа хийдэг. Сард 5,000 ам.долларын цалин авдаг тухай сонсож өссөн болохоор мөрөөдөл болсон.
Америкт ирэхэд зөвхөн “Майкрософт” биш технологи ашиглаад шилдэг бүтээгдэхүүн гаргаж байгаа олон компани байдгийг харж, сонголт өргөн болж эхэлсэн дээ. Тэгээд эдгээр компани руу өргөдөл явуулж эхэлсэн юм. Хэд, хэдэн компанитай ярилцлага хийж хоёроос нь ажлын байрны санал аваад байлаа. Тэр үед “Amazon”-ooc над руу холбоо барьсан. “Таны анкетыг үзлээ. Ярилцлага хийе” гэсэн. Тэгэхэд том шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Ажлын санал тавьсан нөгөө хоёр компани хариугаа яаралтай өгөхгүй бол хүлээж чадахгүй гэсэн.
Гэтэл би “Amazon”-той дөнгөж эхнийхээ ярилцлагыг хийхээр болоод байдаг. “Amazon” зөвхөн нэг ярилцлагаар дуусдаггүй. Эхлээд хүний нөөцтэй нь 15 минут, дараа нь инженертэй нь нэг цагийн турш ярилцана. Тэнцвэл Сиэтл хот руу очиж 4-5 удаа ярилцлага өгч байж ажилд ордог. Тэнцэх магадлал өндөр биш, маш их өрсөлдөөнтэй. Найзтайгаа зөвлөж байгаад “Amazon”-д хүч үзэхээр болж нөгөө хоёр компанийн ажлын байрны саналаас татгалзсан юм. Дээр ярьсан шиг гурван шат дараалсан ярилцлага өгөөд амжилттай явсаар ажлын байрны санал авсан. Ажиллахыг хүссэн, түүний төлөө том эрсдэл хийсэн болохоор баяртай байсан.
-Дэлхийд нэртэй компанид ажиллаж байгаа нь бахархалтай хэрэг. Гэхдээ эх орондоо ажиллахыг хүсээгүй гэж үү?
-Би 2008 онд бакалавраа төгсчихөөд таван жил Хойд Дакота мужид программ хангамжийн инженерээр ажилласан. Хангалттай туршлага хуримтлуулж авлаа, эх орондоо очиж ажиллаж, амьдаръя гэсэн төлөвлөгөөтэй буцсан. Гэтэл Монголд бүх юм санаснаар болоогүй. Ажлын зах зээл, амьдрах орчин, байрны зээл, ажил олгогчдоос амлаж байгаа хангамж нь бодсоноос өөр байсан.
Манай улсын ажлын зах зээл туршлага гэхээс илүү боловсролыг түлхүү чухалчилдаг санагдсан.Тиймээс магистраа төгсөх нь зөв юм байна гэж бодоод АНУ-д буцаж ирсэн. Энд боловсрол чухал биш, ажлын туршлагатай, хийж чаддаг байвал асуудалгүй.
- “Amazon”-оос дэлхийн олон улсын үйлчлүүлэгч бараа худалдан авдаг. Монголоос танайхтай харилцах, хамтрах боломжтой юу?
-Бараа худалдан авалтын хувьд бол мэдээж нээлттэй болно. Өнөөдөр ч гэсэн манайд зөндөө хүмүүс бараа худалдаж авч байгаа. Харин харилцаа үүсгэх, хамтрах гэдгийг "Монголд Амазоныг нээх боломжтой юу?" гэж ойлговол илүү том асуулт болох байх л даа. Аль ч бизнес болсон хойно зах зээлийн судалгаа, 2 талын хамтарсан гэрээ гэх мэт зөндөө зүйлс ордог байх. Би тэр тал дээр сайн мэдээлэл байхгүй учир ингээд орхиё. Гэхдээ манайх ямар ч байсан Азийн томоохон зах зээлүүдэд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жишээ нь: Хятад, Япон болон саяхнаас Солонгос, Энэтхэгийн зах зээл рүү орсон байгаа. 
-Монголд “Amazon”-оос бараа, бүтээгдэхүүн ирдэг. Энэ нь баталгаатай эсэхийг хүмүүс их асуудаг?
- Баталгаа гэдэг яг юуг хэлж байгаас шалтгаалах байх. Барааны чанарын баталгаа гэвэл мэдээж яг сайт дээр юу гэж тавигдсан байна тэрүүгээрээ зарагдах ёстой. Хэрвээ хэлсэнээр биш байвал бараагаа буцаагаад, гомдол мэдүүлээд мөнгөө бүтэн хэмжээгээр авах дээрээс нь Амазоны бэлгийн карт гэх мэт урамшуулал үнэгүй олгодог. Нэг ёсондоо хэрэглэгчийнхээ итгэлийг алдахгүйн тулд ийм зүйл хийж байгаа юм л даа. Гэтэл захиалж авсан бараа нь хэд, хэд дамжаад баталгаатай баталгаагүй нь мэдэгдэхгүй хүн/байгууллагаар дамжсан бол баталгаа гэдэг нь асуудалтай болж ирнэ. Өөрийнхөө картаар худалдан авалт хийхэд баталгаатай юу? гэвэл мэдээж баталгаатай. Амазон дотроо хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг маш өндөр хэмжээнд сахиж ажилладаг. Харин интернэт орчин гэдэг өөрөө хэзээ ч 100% баталгаатай байдаггүй учир, жишээ нь олон нийтийн Wifi тай газар сууж байгаад картаараа бараа захиалга хийвэл картныхаа мэдээллийг алдах магадлалтай. Энэ мэдээж Амазонтой ямар ч хамаагүй асуудал л даа. 
“Amazon” өөрөө 15 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрээс нь Аmаzon Global programm гэж байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу 75 гаруй орон руу шууд бараа явуулах боломжтой. Яг нарийн явуулж болох бараа нь дотроо ангилалтай. Гоо сайхан, хоол хүнс, лаазалсан бүтээгдэхүүн, электрон бараа, ахуйн хэрэглээ гээд тус тусдаа өөрсдийн гэсэн дүрэм журамтай. Улс орны импорт, экспортын хууль өөр, өөр учраас явуулж болох бараа, болохгүй бараа гэж байдаг. 
Харамсалтай нь 75 орны жагсаалтад Монгол ороогүй байдаг. Яг нарийн бизнесийн талын учрыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор 1) "онлайн" дэлгүүрээс ямар ямар бараа, ямар тоо хэмжээгээр оруулж болох, ямар татвар авах зэрэг мэдээлэл болон хууль/эрх зүйн орчин 2) хаягжилтын системтэй 3) хүргэлтийн системтэй холбоотой болов уу гэж боддог. Америкийн хаяг гэхэд жишээ нь ихэнхдээ гуравхан мөр байдаг. Эхлээд байрны тоо, гудамжны хаяг, хаалга дугаар байх жишээтэй. Тэгээд хот муж, код байдаг. Системд хийгээд тухайн хаяг үнэхээр байдаг эсэхийг, мөн ямар нэг бараа аль нэг газраас явууллаа гэхэд үнэ ханш болон хугацааг автоматаар тооцоолоод шалгаж болдог. Тухайлбал, Америкт “Amazon” компанийн 110 гаруй агуулах байдаг. Үйлчлүүлэгч нэг бал захиалахад 110 агуулахаас алинаас нь бал явуулахад өртөг, зардал багатай гарахыг тооцоолдог. Хамгийн бага өртөг гарах агуулахаас сонгож явуулах жишээтэй. Манайд оронд өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн, 5-р хороололын, 3-р хорооны, Меркүри захын хажуу талын 2А-р байрны 4-р орцны 3 давхрын 3000 тоотоос Дархан хотод байгаа нэг айлруу 3 кг жинтэй, 50х50 хайрцагтай ачаа явуулахад хэд хонож очих, ямар үнэтэй болох бол? гэвэл шууд гаргаад ирэх систем байхгүй байх. 
Гэхдээ Монголд нэг үеэ бодвол бараа хүргэлт хэвшиж, сайжирч эхэлж байгаа. Zip код гарч ирсэнээс хойш хаягжилтин системд маш том ахиц гарсан байх. Гэвч энэ нь хараахан олон улсын түвшинд хүрээгүй байгаа болов уу гэж бодогддог. Жишээ нь нэг газраас бараа захиалаад авахад тухайн барааг хувь хүн захиалсан өдрөөс эхлээд өөрийн гар дээр хүлээж автлаа хаана яваа, хэзээ ирэх, мөн ямар нэг асуудал гарсан эсэхийг цах тухайд нь мэдэж байх хэрэгтэй байдаг. Олон улсын түгээлтийн системээр биш л бол Монголруу явуулж байсан ачаа Монголын хил дээр очсон гээд л системээс гарчихдаг. Тэрнээс цаашаа хаана яваа, хэзээ очих нь тодорхойгүй болчихдог тохиолдолд саяхан хүртэл гарч байсан. Манай компань худалдан авагч, үйлчлүүлэгчиддээ дандаа "амлалттай/баталгаатай" үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Тиймдээ ч дотооддоо бараа хүргэлт хийхэд маш найдвартай системээр ажиллаж, яг амалсан цагтаа хүргэж өгдөг. Тэгэхээр өнөөдөр манай орны хил, гааль дээр онлайн дэлгүүрээс худалдаж авсан ямар ямар төрлийн нэр бараанууд, ямар тоо хэмжээнд оруулж болох, ямар татвар авах талаар мэдээлэл нь гадныханд нээлттэй байгаад, гадны энэ технологийн системүүдтэй холбогдоод бараа хүргэлтийг хүлээж авсан эсэх, хэзээ хүргэж өгөх гэх мэт мэдээлэл солилцож байх процесс нь байгаад, тухайн барааг яг амалсан цагтаа асуудалгүй хүргээд өгөх хүргэлтийн байгууллга нь байвал ямар ч асуудалгүй болов уу. 
Гэхдээ манайхаас бараа худалдаж аваад Монгол руу явуулдаг хүн олон бий. Миний мэдхийн хоёр янзаар бараа авдаг. АНУ-аас таньдаг хүнээрээ авхуулаад Монгол руу шуудангаар илгээх эсвэл эсвэл Монгол буцаж байгаа хүмүүст дайна. Нөгөө хэсэг нь өөрсдийнхөө картаар “Amazon”-оос худалдан авалт хийж хүргэх хаягаа Америкт байдаг карго компаниудын нэрээр өгчихдөг. Карго компани ачааг хүлээж аваад Монгол руу явуулна. Аль ч банкных байх нь хамаагүй олон улсын карттай л бол манайхаас бараа авч болдог. Тэгэхээр нэгдүгээрт, олон улсын карт хэрэгтэй гэсэн үг. Хоёр дугаарт, тэр бараа очих хаяг хэрэгтэй. Гурав дугаарт тухайн барааг хүргэж өгөхөд хил гаалиар дамжих уу, ямар дүрэм журманд захирагдаж байж очих вэ гэдэг асуудалж болж байгаа. 
-Мэдээллийн технологийн хөгжлийн хурдыг юугаар ч төсөөлшгүй, хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хөгжил Монголд ямар байна вэ?
-Мэдээллийн Технологи гэдэг салбар бол маш сайхан салбар. Ямар нэг орон зайгаар хязгаарлагддаггүй. Хүн яаж бодож сэтгэнэ, тэр хэмжээгээрээ л шинийг хийж, бүтээх боломж нь байж байдаг. Тиймдээ ч өнөөдөр бидний салшгүй нэг хэсэн болсон. Гэхдээ энэ хөгжлийг тодорхойлоод байгаа хэдхэн орон л байна. Тэдгээр орнуудад хийж бүтээсэн шийдлүүдийг дэлхий нийтээрээ, өдөр тутам хэрэглэж байна. Манай оронд энэ салбарын мундаг, бахархмаар мэргэжилтнүүд зөндөө байна. Би хувьдаа Монголд ажиллаад, амьдарч байгаа маш олон чадалтай залуучуудтай уулзаж танилцаж, их юм сурч авч байсан. Миний бодлоор манай мэргэжилтнүүд маань IT салбарт гайхамшгийг бүтээх чадвар, потенциалтай ч тэрийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа мэт санагддаг. Мэдлэг, чадвар, туршлага нь байгаа ч нийгэм, зах зээл нь шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээ, шинэлэг технологийг хүлээж авах бэлтгэлгүй, эрсдэлтэй, дээрээс нь хөрөнгө оруулагчид, төр засгаас төдийлөн дэмжиж өгдөггүй учраас яах аргагүй байгаа ажлын байрнуудад орж ажиллах, эсвэл хувиараа freelance хийж гадаад/дотоодын зах зээлээс төслүүд авч ажиллах, нэг хэсэг нь хувь хүн, байгууллагын вэбсайт хийх, үлдсэн нь зар мэдээний сайтууд дээр ажиллаж байгаа болов уу. Энэ дунд мэдээж хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун хүмүүс багагүй байдаг байх. Ер нь юу хэлэх гээд байна вэ гэхээр манайд яг шинийг санаачлаад, түүн дээрээ зоригтой зогсоод эхнээс нь дуустал нь ажиллаж байгаа хүмүүс цөөхөн харагддаг. Тийм хүмүүстэй ярилцаад үзэхээр зах зээл нь байхгүй, хэрэглэгчид нь хүлээж авч чадаагүй, эсвэл төлбөр, санхүүгийн асуудалд орчихсоноос болоод л өнөөх төсөл нь зогсчихсон байдаг. Гэтэл яг ийм орчинд хүмүүс ажиллаж, ур ухаанаа уралдуулж, өнөөх чадвар, мэдлэг, туршлагаа шавхаж байж шинийг бүтээж, дараагийн гайхамшгийг төрүүлж энэ нь цаагуураа өнөөх "хөгжил" гээч юм нь болох юм шиг санагддаг. Бид нар бусдын хийсэн зүйлсийг хэрэглээд л яваад байвал тэдний араас л алхаж байна гэсэн үг. Энэ бол хөгжил биш, дэвшил. Бид нар хөгжилтэй нүүр тулъя гэвэл өөрсдөө бусдын өмнө алхаж явах хэрэгтэй байх. Үүнд хүрэхийн тулд хэрэглэгчид маань Монгол мэргэжилтнүүдийхээ гаргаж ирсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ёстой уухай гээд дэмжээд, түгээгээд, хэрэглээд, суралцаад, санал бодлоо илэрхийлээд, чадах юман дээрээ хамтарч оролцоод, хөлс хүчийг нь шударгаар үнэлээд явдаг тийм сэтгэлгээ хэрэгтэй байх. Харин хөрөнгө оруулагчид, төр засаг маань байнга бусад салбарууд руу анхаараад байхгүй энэ олон мэргэжилтнүүдээ дэмжээд ядахдаа оффис байр гаргаж өгнө үү, санхүүгээр дэмжнэ үү, хөтөлбөр гаргаж ирнэ үү, уралдаан зарлана уу аль болох дэмжиж өгөх, дэмжиж байгаагаа бүр зарлаж, тунхаглаж байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингэснээр нөгөө Монгол IT мэргэжилтнүүд маань унтаа байдлаасаа босч, ёстой нөгөө хийхийг хүсээд хийж чадахгүй байсан дуртай зүйлс рүүгээ ухасхийж орох орчин бүрдэх болов уу гэж бодож байна. 
-Энэ чиглэлээр шинэ төсөл санаачилсан гэсэн үү?
-Монголын IT мэргэжилтнүүдэд тулгамдаад байгаа хөрөнгийн/санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зорилготой олон нийтийн санхүүжилттэй “BootUP-Mongolia” төслийг салбарынхаа хэдэн залуучуудтай хамтарч туршиж үзэхээр эхлүүлж байгаа. Хувь хүмүүс, компани ялгаагүй IT төсөл боловсруулан бичиг баримтаа бүрдүүлж, танилцуулга бичлэг хийгээд манай сайт руу бүртгүүлэх юм. Сайтаар орж үзэж байгаа хүмүүс тухайн төслийг дэмжвэл хандив өгч болох юм. Ийнхүү олон нийтийн санхүүжилт/хандиваар явсаар өнөөх төслийн санхүүжилт бүрдвэл бүртгүүлсэн хувь/компань мөрөөдлийн санаагаа бодит байдал болгож хэрэгжүүлж, хандив өргөсөн хүмүүстээ хийсэн бүтээснээ харуулах сайхан мөч ирнэ гэсэн үг юм л даа. 
Жишээ дурдьвал: Би Монголд очоод ойр орчмын 500м дотор гайгүй коффе шоп хаана байна, гайгүй хоолны газар юу байна гээд хайх гэхээр тэр мэдээлэл олддоггүй. Хүмүүсээс утсаар ярьж асууна, эсвэл social media-аар асууж, эрэл сурал болж байж хэдэн газрын нэр олж авна. Гэтэл тэр газрууд сэтгэлд хүрэх, хүрэхгүй гээд л янз янз байна. АНУ-д жишээлбэл яг энэ асуудлыг маш сайхан шийдээд өгчихсөн Yelp гээд апп байдаг. Ойр орчмин бизнесийг харж болдог, нээх/хаах цаг, хаяг, GPS, нэмэлт мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэл, урамшуулал гээд л бүгдийг нь нэг доороос харж болдог. Богинохон хугацаанд, хялбар аргаар мэдээллийг хурдан олж авчихаж байгаа юм. Зөвхөн Монголчууд биш гадны орноос ирсэн жуулчид ч ашиглаж болно. Манайх шиг олон бизнесүүд нэг дор төвлөрсөн газар иймэрхүү апп бүр их хэрэгтэй. Яг ийм програм хийе гэж бодож байсан хүмүүс их байдгаа хэлж байсан. Харамсалтай нь санхүүжилтийн асуудлаас болоод л бүтээгүй. Тиймээс манай BootUp төслийн зорилго бол яг ийм шинийг хийе, бүтээе гэсэн хүмүүст эхний тэр алхамаа хийхэд нь туслах юм л даа. 
Бид энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийн төслүүдийг байрлуулах вэб сайт хийх хэрэггэй болоод байгаа юм. Үүнд шаардагдах төсөв нь: $2,250 ам.доллар бөгөөд үүнийг олон нийтээс босгохоор эхлүүлж, одоогоор $818 гаруй ам.доллар цуглуулаад байна. Одоогоор Монгол, гадаадад амьдарч байгаа 24 хүн хандив өргөсөн бөгөөд энэ дунд Microsoft, Facebook, Amazon, Deloitte гэх мэт компаниудад ажилладаг Монголчууд ч орсон байгааг дуулгахад таатай байна. Хандив өргөсөн бүх хүмүүстээ манай туршилтын төслийг дэмжсэнд талархсанаа илэрхийлэе! Дашрамд,https://www.gofundme.com/BootUPMongolia линкээр орж Donate Now гэж дараад “BootUp” төслийг дэмжихийг уншигчдад уриалъя. Энэ бол Монголын IT салбарт оруулж байгаа бага ч гэсэн хөрөнгө оруулалт юм шүү. Магадгүй энэ төслийн үр дүнд Монголд шинэлэг Yelp, Google Map, Candy, Crush, Instagram гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Монгол залуусын хүсэл мөрөөдлийг ажил хэрэг болгоод явж байна. Цаашид юу хийхийг хүсдэг вэ?
-Мэдээж би Монголын IТ-ийн салбарын төлөөлллийн нэг. Тиймээс энэ салбарт бага ч гэсэн хийсэн юмтай болчих юмсан гэж боддог. Монголд IT орчин бүрдээд залуус заавал Америкт компьютерийн шинжлэх ухаанаар сурч “Гүүгл”, “Амазон”, “Фэйсбүүк”, “Майкрософт”-д биш Монголын тэр компанид ажилд орох юмсан гэж мөрөөддөг орчин бүрдүүлэхийг, түүнийг бүрдэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Миний том мөрөөдөл юм л даа. Түүнээс гадна энд ажиллаж байхад бизнесийн янз янзын санаанууд төрдөг. Монголдоо юу хийж болох вэ, эсвэл Америкийн зах зээлд юу хийж өрсөлдөж болох вэ гэж байнга л бодож түүнийгээ найз нөхөдтэйгөө ярьж, жижиг төслүүд дээр ажиллаж үздэг. Энэ адал явдал маань хаана хүргэхийг харж байя даа. 
-Цаашид “Amazon’’-д ажилласаар байх уу?
-Одоогийн байдлаар ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, туршлага хуримтлуулна. Хоёрдугаарт, дэлхийн том компанийн үүдээр дөнгөж орчихоод байгаа болохоор яаж ажилладаг, юунд анхаарч, ямар технологи ашигладаг, бодлого нь ямар байдаг, наад зах нь дотоод байгууллагын бодлого, ажилчдаа авч яваа хүний нөөцийн бодлого, хүмүүс хоорондын харилцаанаас суралцах зүйл их байна. Энэ бүхнийг Монголд хэрэгжүүлэх боломж байна уу гэдгийг судална. Гэхдээ удаан ажиллахгүй байхаа. Өөр салбар луу орж үзэх бодол байгаа. Сүүлийн үед их бодогдоод байгаа зүйл бол Монголруугаа эндхийхээ ажлыг авч очоод хийчихвэл их зүгээр юм шиг санагдаад байгаа. Харамсалтай нь Amazon-д тэгэх боломжгүй учир өөр боломжууд гарч ирэх нь үү харж л байя. Удахгүй нэг өдөр зайны ажил авчихаад Монголдоо явж байвал ч бас л сайхан л байна шүү.


ikon.mn

About Us

Recent

Random