2015-10-26

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - TECHSTARS КОМПАНИЙН ЗҮҮН ӨМНӨД АЗИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ - Д.БАТ-ОКТЯБРЬ

Око хэмээх нэрээр залуусын дунд танигдсан энэ залууг Монголын стартап хөдөлгөөний "загалмайлсан эцэг" гээд нэрлэчихэд буруудахгүй. Энтрепренершип, стартап гэх мэт саяхан л хол хөндий байсан ойлголтууд өнөөдөр залуусын амны уншлага болоход түүний зохион байгуулдаг Startup Weekend арга хэмжээ, үүсгэн байгуулсан Startup Mongolia ТББ-ын оруулж буй хувь нэмэр маш их. Bloomberg TV Mongolia, C1 телевизүүдэд ажиллаж байсан, "Гарааны бизнес" цуврал нэвтрүүлгийг эрхлэн гаргаж буй Око өдгөө дэлхийн хамгийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэгт тооцогддог Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа билээ.  


Байршил: Малайз, Куала Лумпур – Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаалTechstars компанийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал, Startup Mongolia TББ-ын үүсгэн байгуулагч
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Алдаа гаргасан ч хамаагүй хурдтай ажиллах.
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13’ 
Сошиал хаягуудOko Davaasuren (твиттер), Okod (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

"Don’t ask for permission, ask for forgiveness" буюу зөвшөөрөл гуйхын оронд өршөөл гуйж бай гэсэн зарчимтай. Миний ажлын арга барил энэ зарчим дээр үндэслэдэг гэж хэлж болно. Товчоор бол хэвшмэл ажиллах горимыг эвдэж, аль болох хурдтайгаар, алдаа гаргасан ч хамаагүй, ямар нэг байдлаар ажлаа урагшлуул гэсэн санаа. Хамтран ажиллаж байгаа хүмүүстээ ч тийм л шаардлага тавьдаг. Эцсийн зорилго, харж буй зүйлс маань тодорхой тул алдаа гаргах бол байх л зүйл. Алдаанаасаа суралцах нь чухал.

Энерги огт алга болдоггүй, зөвхөн хэлбэрээ өөрчилдөг гэдэгтэй адил аливаа ажилд хэр их хөдөлмөр зарцуулна төдий чинээ үр дүн гарна гэж бас үздэг. Хөдөлмөрлөсөн бол үр шим нь ямар нэг байдлаар буцаж ирнэ гэдэгт эргэлздэггүй.

Хүмүүст “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй гэх зөвлөгөө их харагддаг л даа. Гэхдээ би оронд нь “тийм” гэж хэлж сурах хэрэгтэй гэж боддог. 17 орныг хамааран ажиллаж байгаа ажлын онцлогоос ч тэр үү, уулзалт болгон дээр, алхам тутамдаа янз бүрийн санал, хамтрах боломжуудтай таардаг юм. Тэр болгонд “тийм” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Тийм гэж хэлснээрээ чам руу ирсэн боломж бүрийг алдалгүй шүүрч, эрсдэл хүлээхэд бэлэн байна гэсэн үг. Стартапуудад их чухал чанар байх.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Миний хувьд харилцаа холбоо маш чухал. Би түншүүддээ “Хэдий хажууд чинь байнга байж чадахгүй ч гэсэн хажууд чинь байгаа юм шиг л байх болно” гэж хэлдэг юм. Тиймдээ ч Gmail, Facebook, Whatsapp, Viber зэрэг харилцаа холбооны ихэнх аппликэйшнүүдийг нэн идэвхтэй ашигладаг.

Techstars-ийнхны хувьд Google Drive-ийг бүрэн дүүрэн ашигладаг. Ямар ч мэдээллийг хадгалахад, хамтран ажиллахад, хуваалцахад тохирсон гэдэг утгаараа. Мөн Blue Jeans гэдэг телеконференс хийдэг аппликэйшнийг ашиглана. Бас элдэв газруудад явж байхад Uber шиг хэрэгтэй апп байхгүй болчихдог юм. Мөн Spotify-аа тогтмол хэрэглэнэ шүү.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Ихэвчлэн Малайзад байрладаг Око Монголд ирсэн үедээ ШУТИС-ийн OIL лаб дээр ажилладаг. Мөн Nayra кафед өглөөгүүр суух дуртай юм билээ. Сайн кофе, хурдтай интернэт, өглөөний хоол гэсэн 3 зүйл төгс бүрдсэн газрыг чухалчилдаг болохоор Nayra л сэтгэлд нийцдэг хэмээн ярьсан. Ер нь харьцангуй чөлөөт хэв маягаар ажилладаг , байнга л бизнес аялал хийж байдаг түүний хувьд оффис нь үүргэвчин дотор нь багтдаг гэж хэлж болох байх.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Надад 2 төрлийн хийх ажлын жагсаалт (to-do list) бий. Эхнийх нь 5-10 зүйлсийг багтаасан өдөр тутмын жагсаалт. Өглөө бүр гаргахыг хичээдэг, заримдаа унтахынхаа өмнө бэлдчихдэг тохиолдол ч бий. Амархан мартагдчихаж магадгүй жижиг сажиг зүйлсээс эхлээд тухайн өдөртөө дуусгая гэсэн төлөвлөгөөний хэсгүүд энд орно. Харин нөгөөхийг нь нөүтбүүкийнхээ notepad дээр ням гараг бүр гаргадаг юм. Үүнд урт хугацааны, цаг авдаг том ажлууд багтдаг гэж хэлж болно. Ер нь долоо хоногийг ням гарагт эхлүүлэх нь надад их чухал бас үр дүнтэй байдаг юм шиг санагддаг. Төлөвлөгөө гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд байвал хэр баргийн хүнээс илүү бүтээмжтэй байж чадна.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ер нь хийх ажлын жагсаалтыг яаж илүү хялбар, илүү үр дүнтэйгээр хөтлөх талаар их судалж, нэлээд цаг зарцуулдаг шүү. Бараг л олон нийтэд хүрсэн энэ төрлийн бүх аппликэйшнүүдийг туршиж үзсэн байх. Мөнгө ч их үрсэн. Гэхдээ яг үнэндээ сэтгэлд таарах нэг ч аппликэйшин олоогүй. Тэгээд л Notepad-ийг их идэвхтэй ашиглах болсон. Компьютер, утас руу шууд sync хийчихдэг болохоор их амар. Зовж түүртэх ч зүйлгүй. 

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Community building буюу хүрээлэл үүсгэх гэж хариулах нь оновчтой байх. Хүмүүсийг хооронд нь холбох, хамт олонг нэгтгэхдээ сайн гэж боддог. Хийж буй ажлынхаа онцлогоос үүдэн төрөл бүрийн талуудыг (stakeholders) хооронд нь холбох, тэднийг зорилгоор нь нэгтгэж, нэг шугаманд аваачих ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна.

Сүүлийн үед бас мөнгө босгож сураад байна. Startup Mongolia ТББ-ын шугамаар олон төрлийн хүмүүстэй уулзаж, тэдэнд хийж байгаа зүйлээ танилцуулж, зөв зүйл гэдгийг мэдүүлэх шаардлага их тулгарна. Хамгийн сүүлд гарааны компаниудыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулаад буй “Хөрөнгө оруулагчдын клуб” маань гэр хорооллын иргэдэд зориулсан түлш үйлдвэрлэх төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө босгосон. Энэхүү дэмжлэгийг байгаль орчинд ээлтэй, зардал хэмнэсэн технологитой хичээнгүй 2 залуугийн босгож байгаа компани хүртээд байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нэг л их бизнес, стартап, технологи ярьж явдаг Око бол дурласан ажлаа хийж буй их азтай хүн. Тийм ч болохоор хүмүүст нэг их ажил хийхгүй байгаа юм шиг харагддаг байж магадгүй. 5 жилийн өмнө анхны Startup Weekend-ийг зохион байгуулж байхдаа Techstars компаний талаар яриад л, ажиллах юм сан гэж мөрөөддөг байсан. Одоо мөрөөдлийнхөө компанид ажиллаж байна. Том брэндийн төлөө ажиллана гэдэг өөрөө ажил урагшлуулахад их дөхөм болдог.

Манай компанийн, миний гол зорилго бол энтрепренершип гэдэг ойлголтыг олон нийтэд түгээх, түүнийг тойрсон экосистемийг бүтээх явдал. Стартап эхлүүлнэ гэдэг зүгээр л компани байгуулаад, их мөнгө олно гэсэн үг биш. Энэ бол эргэн тойронд байгаа асуудлыг анзаараад, түүнийг шийдэх арга замыг олж, улмаар өөрийн амьдралыг босгох ухаан юм. Энэ сэдлийг л төрүүлэх гол зорилготой. Бид залуучуудад итгэл үнэмшил төрүүлж, эрч хүч өгч, аливааг шинээр бүтээх мэдлэг, чадвар, соёлыг түгээж байна.

Хэцүү зүйл нь гэвэл, стартап бизнес эхлүүлж буй залуус нийгэмд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй байдаг. Саяхан онлайнаар 3 сая доллартай эхлүүлсэн дарсны бизнесээ хэдхэн жилийн дотор 50 саяын борлуулалттай болгосон Гари Вайнерчук гэж залуу ингэж хэлсэн байсан: “Урьд нь сургууль төгсөөд бизнес хийнэ гэвэл жинхэнэ хүүхэд нохойн доог болдог байсан. Харин одоо энэ бол жинхэнэ баатарлаг явдал болжээ”. Үнэн үг. Үе солигдож байна. Гэвч шинэ гарч ирж байгаа тэр “баатарлаг” залуусыг дэмжих учиртай өмнөх үе нь, түүнчлэн шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдоос эхлээд нөлөөтэй, хүчтэй хүмүүс тэднийг ойлгохгүй, тэр бүү хэл зөрчилдөж байгаа харагддаг. Боловсролын байгууллага нэг том жишээ. Бизнесийг арай өөрөөр заая, практик байдлаар шийдэл хайдаг байя гэхэд хүлээж авах багш нар цөөхөн шүү. Гэхдээ үүнд гутраад сууж байгаа зүйл алга, бүх л улсууд энэ асуудлыг тойрч биш дайрч гардаг. Гагцхүү энэ асуудал хэр удаан үргэлжлэх нь бидний оролцооноос хамаарна.

Өөр бас нэг хэцүү зүйл нь энтрепренерийн замыг сонгосон бол хувийн амьдрал орхигдчих гээд байдаг талтай. Найз охинтойгоо 2 сар уулзаагүй л явна. Урт хугацааны зорилгоо тодорхойлоод, тийшээ чиглэж байгаа болохоор зарим зүйлсийг золиослох хэрэг гарах юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо Green Nation Challenge гэдэг төсөл дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жилийн Code for Green UB төслөөс ялгаатай нь бид эрчим хүч гэсэн сэдвийн хүрээнд тэмцээнээ зохионо. Мөн Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотыг хамруулах гэж байгаа учир UB гэдэг нэрээ Nation болгож оруулсан. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр их анхаарч байгаа.

Мөн Тechstars дээр оноос өмнө Бали болон Бангкокт томоохон хурлууд зохион байгуулахаар бэлтгээд явж байна.

ТА СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ ҮҮ?

Миний хувьд цагийн менежментээс илүү энергиэ зөв хуваарилахыг чухалчилдаг. Тийм ч учраас тогтмол дасгал сургуулилалт хийдэг. Би Америкт байхдаа 4 жил скуашаар хичээллэж, бүр Reed College-д багшилж байсан удаатай. Тамирчин байсан учраас биедээ юуг оруулж, яаж хүчээ хуваарилахаа сайн мэддэг болсон. Одоо хэдий скуашаа тогтмол тоглож чадахгүй байгаа ч Малайзад бол муайтайгаар хичээллэж байна. Сүүлийн 2 жил долоо хоногт 3 удаа жинхэнэ тулаанчидтай зодолдож байна даа. Аяллаар ийшээ тийшээ явсан ч 7 хоногт 2 удаа фитнесст хичээллэдэг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ЯМАР ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Spotify дээр ихэд нандигнан цуглуулж, үүсгэсэн плэйлистээ сонсдог. Хөгжим гэдэг ажлын бүтээмжид маш чухал нөлөөтэй. Тийм учир их ач холбогдол өгдөг. Өмнө дурдсанчлан тамирчин байх үедээ олж авсан хамгийн том чадвар бол хөгжмөөр дамжуулж сэтгэл зүйгээ бэлтгэх. Скуаш дээр бол ур чадвар, техникийн төгс гүйцэтгэлтэй болсон тамирчид ердөө сэтгэл зүйгээрээ л ялгардаг юм. Тийм болохоор зүрхний цохилтоо хэрхэн хянаж удирдах нь ямар хөгжим сонсож байгаатай холбоотой байдаг. Тиймдээ ч сэтгэл зүйн байдалдаа тохируулаад маш хүнд рокоос эхлээд тайван сонгодог хөгжим хүртэл бүгдийг сонсоно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Үнэндээ цаг заваас хамаараад хүссэнээрээ уншиж чадахгүй л байна. Амралтын өдрөөр л ном эргүүлж байгаа. Яг одоо бол Элон Маскийн намтар номыг уншиж байна. Хэдийгээр би дөнгөж 5-р бүлэг дээр явж байгаа ч багаасаа эрчим хүчсансар судлалинтернэт гэдэг 3 салбарт ажиллаж, том зүйлийг бүтээх мөрөөдөлтэй болсон бяцхан хүүгээс их зүйлийг мэдэж авч байна. Нэг жишээ дурдахад, энэ жилээс бидШУТИС дээр Энтрепренер 101 хичээлийг орж байгаа юм. Энэ үеэр би хүүхдүүдээс мөрөөдлийг нь асуусан. Ихэнх хүүхдүүд сайн хүн болно, мэргэжлээ сайн эзэмшинэ, сайн гэр бүлтэй болно гэх мэт улиг болсон зүйлс хэлж байхад өөрийнхөө мөрөөдлийг яг таг тодорхой томьёолж, тодорхойлсон ганцхан хүүхэд байсанд багагүй эмзэглэсэн шүү. Тэр хүүхэд 8600 к/ж-д хайлдаггүй ган бүтээхийг мөрөөддөг гэж хэлсэн юм. Энэ ном залууст мөрөөдөл гэдэг ямар чухал болохыг ойлгуулах байх.

Мөн “This will make you smarter” гэдэг ном уншиж байгаа. Хэрхэн ухаантай болох вэ гэсэн ганцхан асуултыг амжилттай яваа эрдэмтдээс асуухад хариулсан хариултуудыг богино нийтлэл болгон цэгцэлсэн ном. Биотехнологи, нанотехнологи, математик гээд олон сэдвийн талаар мэдээлэл өгөх их гоё ном. Уншиж дуусгахаас хүртэл хайрлаад байгаа шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хүмүүс намайг маш нээлттэй хүн гэх байх. Гэхдээ төрөлхийн тийм биш. Хувийн орон зайтай байх нь надад их чухал. Гадаадад явж байхад найзууд маань гэртээ урьж, байрлахыг санал болгодог ч ихэнхдээ татгалздагийн шалтгаан нь тэр. Хийж буй ажил маань илүү нээлттэй, яриасаг байхыг шаарддаг юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө суух цагаа аль болох багасгахыг хичээж байгаа учир одоо 02 цаг гэхэд унтчихаад байгаа. Америкт байгаа оффисынхонтойгоо цагийн зөрүүнээс болж шөнө юм уу өглөө холбогдох шаардлагатай байдаг. Өглөө бол 8 цаг гэхэд босчихсон байна. Миний хувьд бүтээмжээ хадгалахын тулд амрах их чухал. Тийм учраас амралтын өдрөөрөө аль болох их унтаж амрахыг хичээдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Үнэндээ сүүлийн 2 жил албан ёсоор амралт авсангүй. Сул цагаараа хүртэл хувийн төслүүдээ урагшлуулах гэж түншүүдтэйгээ ярилцаж суудаг. Спорт заалаас гадна ажиллаагүй үед маань намайг гоё хоолтой газраас олж болно. Би өөрөө шинэ хоол идэж, турших дуртай болохоор хаана шинэ газар нээгдсэн байна, тийшээ заавал очдог заншилтай.
Окогийн үүргэвчин дотор

ТА ХЭНЭЭС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Би америк аав Жакаасаа үргэлж зөвлөгөө авч, утсаар ярьдаг. Оюутан байхдаа орой бүр ярилцдаг байсан ч одоо холдсоор 2 долоо хоногт 1 удаа л холбогддог болж. Элдэв асуудалд орооцолдож, гацсан үед минь авардаг хүн минь тэр. Би түүнийг өөрийнхөө ментор гэж хүндэлдэг юм. Бизнес гэхээс илүү хувь хүний хөгжил тал дээр ментортой байх их ач холбогдолтой юм шиг санагддаг.

Мөн амжилттай яваа бизнесүүдийн түүхийг судалж, тэднээс үлгэр дууриал авахыг хичээдэг. Ажил маань их хурдан өрнөлтэй учир өөрийгөө тогтмол цэнэглэхийн тулд урам зориг өгөх зүйлийг байнга хайж явдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Нэлээд хэдэн жилийн өмнө нэг номноос “Мементо мори” гэдэг үгийн талаар уншсан юм. Ромын генералууд аян дайнд ялсныхаа дараа баярын парадын үеэр нэг нэгнийхээ чихэнд энэ үгийг шивнэдэг байж. “Remember Mortality” буюу хэзээ нэг өдөр чи үхнэ гэдгээ санаж яв гэсэн утгатай үг. Нэг талаас, тийм учир аль болох уужуу бай, аль болох сайн хүн бай, аль болох эерэг энергитэй яв гэсэн үг. Нөгөө талаас, тийм учраас юу ч хийлээ гэсэн хийсэн шиг хий. Юу ч хийж болно, юуг ч босгож болно, чиний л сонголт гэсэн үг. Энэ үг санах болсноос хойш би юу рүү ч орсон айдаггүй болсон байх. Тиймдээ ч Филиппинд байхдаа мөрөн дээрээ шивүүлсэн.

Нөгөө мөрөн дээрээ бас “Соргог оршихуй” гэсэн үг шивүүлсэн. Алдарт философич П.Оспенскийн “The Fourth Way” номон дээр гардаг юм. Хүний сэрэхүйн хамгийн дээд түвшинд хүн өөрийгөө субъектив байдлаар харж чаддаг болно гэж бичсэн байсан. Өөрийн үйлдлээ гаднаас нь харж, хянаж, бас эргэн тойрон дахь амьдралаа ойлгож мэдэрдэг болно гэсэн үг л дээ. Хааяа энэ үгийг хараад, гүнзгий амьсгаа авч, эргэн тойрноо ажиглахыг хичээдэг. Сонор соргог бай гэсэн дохио юм даа.

БИЗНЕС ЭРХЛЭХЭЭР ЗЭХЭЖ БУЙ, ЭРХЭЛЖ БУЙ ЗАЛУУСТ ГАНЦХАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Манай залуус бүгд санхүүжилт дээр хэтэрхий их анхаарч, санаа зовдог. Гэтэл яг үнэндээ хамгийн гол суурь зүйл бол бодит үнэ цэн бүтээх явдал юм. Бодит үнэ цэнийг зөвхөн хөдөлмөрөөр л бий болгодог. Нөр их хөдөлмөрлөх ёстой. Би олон залуусын жишээг мэднэ. Та нарыг гайхалтай бүтээгдэхүүн гаргавал санхүүжилт гаргах хүмүүстэй холбож өгье гэж намайг захьсаар байтал тэдэн дундаас өөрсдийн санаанд бүрэн итгээд, ихийг золиослоод, сэтгэл зүрхээ бүрэн дайчилсан залуус нэг ч гарсангүй.

Шинэ үеийнхний соёл арай өөр байна уу даа ч гэж хааяа боддог. Тэд аль болох бэлэн зүйл авахыг бодох юм. Надад сайн баг, гоё санаа байна, 100 мянган доллар өгөөч гэдэг. Гэтэл тэд эхлээд хангалттай хөдөлмөрлөж, хангалттай цаг зориулж байж үнэ цэн бүтээх ёстой гэдгийг ойлгоогүй л байдаг. Санхүүжилт бол дараа нь бодох зүйл шүү дээ.

ДАРААГИЙН УДАА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА? 

Бизнетворкийг үүсгэн байгуулсан В.Баярсайхан. Өөрийгөө төрөл бүрээр туршиж маш олон зүйл хийж үзсэн, амжилтанд ч хүрч үзсэн хүн. Мөрөөдлөө шинээр тодорхойлоод Америкт суралцаж, Амазонд ажиллаж байгаа энэ хүн сонирхолтой зүйлсийг ярих байх.
Гэрэл зургийг: Д.Ганзул
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй


http://www.unread.today/ 

About Us

Recent

Random