Дэлхийн хамгийн олон хүн мэддэг, хэрэглэдэг домайн хаяг бол яах аргагүй Google.com. 20 жилийн өмнө нь хэн ч мэддэггүй байсан энэ хаягийг одоо худалдаж авна гэдэг хэчнээн сая доллартой хүний мэдлээс хэтэрсэн хэрэг билээ.
Товч дарагдахын төдийд дэлхийн хамгийн алдартай домайн хаяг түүний мэдлийнх болжээ
Гэхдээ нэг залуу зүгээр л 12$ төлөөд домайн нэрийг худалдаж авчээ. Гэхдээ ганцхан минутын турш л даа. АНУ-ын Бебсон Их сургуулийн оюутан Санмей Вед өөрийн LinkedIn хуудас дээр энэхүү түүхээ хуваалцжээ.
Тэрбээр Google Domains цахим хуудаснаас домайн нэр сонирхож байсан гэнэ. Тэгж яваад гэнэт Google.com гэсэн домайн 12$-ын үнэтэй байхыг олж харжээ. Ингээд л хэний ч хийх байсан үйлдлийг хийж худалдаж авах товчийг дарсан байна.
Товч дарагдахын төдийд дэлхийн хамгийн алдартай домайн хаяг түүний мэдлийнх болжээ. Зээлийн картаас нь зарлага гарч албан ёсоор Google.com-ыг эзэмшигч болсон гэнэ.
Гэхдээ азаар Google энэхүү домайн хаягийг зарсан үйлчилгээг эзэмшдэг байсан учир тэр дор нь өөрсдийн “зүйлийг” буцааж авчээ. Сонирхолтой нь 2003 онд үүнтэй төстэй хэрэг Microsoft компанид тохиолдож байсан бөгөөд нэг залуу Hotmail.co.uk домайныг худалдан авч байсан аж.
Одоо та Google Domains-ээс Google.com-ыг хайж үзвэл борлуулах боломжгүй гэсэн бичиг олж харна. Харин магадгүй танд Google-Idiots.com гэсэн хаяг хэрэгтэй бол 12$-оор худалдан авах эрх тань нээлттэй.
Бебсон их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг горилон суралцаж байгаа Вед 2007-2012 онуудад Google-д ажилладаг байжээ. Үндсэндээ Google мэтийн томоохон веб сайтууд ийм хэрэг гарахаас сэргийлэн домайн нэрээ байнга шинэчилж байдаг аж.
Харин энэ удаад Google домайн нэрээ автоматаар шинэчлээгүй бололтой. Хэдийгээр Вед Google.com-ыг удаан эзэмшээгүй ч гэсэн та бид хоёроос ялгаатай нь хэсэгхэн хугацаанд ч гэсэн эзэмшигч нь болоод амжсан нэгэн юм .
Эх сурвалж: gogo.mn