2015-10-14

IBM CEO: Компьютер сэтгэж, шийдвэр гаргадаг болох “шинэ эриний” үүр цайж байна

4bf1f4 ginni rometty ibm bloomberg photo 1200xx3000 1688 0 154 x800 
Саяхан IBM компанийн гүйцэтгэх захирал Жинни Рометти компанийхаа ирээдүйн талаар сонирхолтой мэдээлэл өгчээ.
Түүний үзэж байгаагаар IBM өөрийнх нь нэрлэж байгаачлан “танин мэдэхүйн тооцоолол” (cognitive computing) хэмээн шинэ эрин рүү шилжиж байгаа гэнэ.
Энэ ойлголт бол өнөөдрийн IBM-ын өрсөлдөгч нарын хөөцөлдөж байгаа зүйлийн дараагийн шат гэдгийг тэр онцолжээ.
Бусад IT компаниуд болох HP, Cisco, Dell/EMC нар өнөөдрийн чиг хандлага болох “digital company” гэсэн нэрийг зүүхийн төлөө тэмцэж байна.
Үүний цаад утга нь цаасан хэлбэрээс тоон хэлбэрт мэдээллийг оруулах, түүнийгээ мобайл орчинд ашиглагддаг болгох үндсэн зорилготой гэнэ.
Шүдний сойзоос эхлээд машин хүртэл бүх эд хэрэгслүүд мэдрэгч болон аппликэшнтэй болж, хаа сайгүй тэдний үүсгэсэн дата бий болно. Түүнийг нь цуглуулж янз бүрийн зорилгоор ашиглах юм.

Харин IBM-ын үзэж байгаагаар дата бол зөвхөн хадгалагдах зориулалттай эд биш, түүнийг ойлгож мэдлэг болгох нь чухал гэнэ.

Тиймээс Рометти “дижитал болгох нь эцсийн зорилго биш, харин дижитал оюун ухаан бий болгох нь эцсийн зорилго” гэлээ.
IBM-ын супер ухаалаг, сэтгэх чадвартай компьютер Watson нь энэ шинэ эриний анхны платформ, билэгдэл нь болох гэнэ.
Рометти “Дэлхий дээр оршиж байгаа бүх мэдээллийн 80 хувь нь одоогоор таны хэрэглэж байгаа систем, компьютерын хувьд харагдахгүй, мэдрэгдэхгүй байгаа. Тэнд нэг дуу, тэнд нэг кино байна. Та тэднийг хадгалж байж магадгүй ч дотор нь юу байгааг компьютер тань мэдэхгүй байгаа” гэв.
Харин Watson төрлийн компьютер “бүгдийг ухаж мэдэж, сэтгэж, суралцаж байх” ажээ.
Өөрөөр хэлбэл бүх бүтээгдэхүүн, бүх компаниуд дижитал болж, дээр нь нэмээд бүх дижитал мэдээллийг нь ойлгож таньдаг компьютертэй байх нь шинэ эринд шилжсэний тэмдэг болох юм байна.
Рометтигийн тодорхойлсон “танин мэдэхүйн тооцоолол” бизнесүүдийг өөрчилж, илүү оновчтой үр дүнтэй болгоход туслах гэнэ.
Тухайлбал эзнээ ойлгож, автоматаар тохируулан ажилладаг бүтээгдэхүүнүүд, ажилтан бүрийн үйл ажиллагааг хянаж, зааварчилгаа өгснөөр хүн бүрийг экпсерт болгох зэрэг арга замууд байгааг дурджээ.
Тооцооллын шинэ эриний үүр дөнгөж цайж байна.

Эх сурвалж: Ikon.mn

About Us

Recent

Random