2015-10-14

Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Пересийн эшлэлүүд

4a06bf shimon peres 0 x800
Эдүгээ 92 настай Шимон Перес бол хоёр удаа Израйлийн ерөнхий сайд байсан, хоёр удаа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан, нэг удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан, нийт 66 жилийг Израйлийн улс төрд зориулсан нэрт зүтгэлтэн юм. Түүний хэлсэн үгсээс сонирхолтой эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

  • Өөдрөг болон гутранги үзэлтнүүд яг ижил үхлээр үхдэг ч шал өөр амьдралаар амьдардаг.
  • Байгалийн баялаггүй Израйль орны иргэд бид өөрийн үндэсний хамгийн том давуу тал болох оюун санаагаа шүтэж сурсан юм. Бүтээлч чанар, инновациар бид хоосон цөлийг ногоорсон талбай болгож, шинжлэх ухаан, технологийн шинэ талбарт анхдагч болсон билээ.
  • Бид 4,000 жил оршихдоо 2,000 жилийг цөллөг, цагаачлал дор өнгөрөөжээ. Израйлиас өөр хэн ч Ойрх Дорнодод эртний түүхэн хэлээрээ ярьдаггүй. 64 жилийн өмнө, бид улсаа байгуулж байхад 650 мянгуулаа байсан. Тэр үеэс бид урсгалыг сөрж сэлэх гэж оролдож эхэлсэн. Харин өнөөдөр сэлсэн хэвээр байна.
  • Бид Америкаас цэрэг ирүүлэхийг гуйж байгаагүй АНУ-ын цорын ганц холбоотон улс.
  • Хэрвээ асуудалд шийдэл олдохгүй бол асуудал биш мэт харагдаж болох ч хэрэг дээрээ энэ нь цагийн уртад, яваандаа шийдэгдэх асуудал гэсэн үг.
  • Хэрвээ чамд хоёр зам байгаа бол хамгийн түрүүнд чиний хийх зүйл нь огт төсөөлж байгаагүй гурав дахь замыг хайх.
  • Амьдралын хамгийн чухал зүйл бол зориглох. Хамгийн хэцүү зүйл бол айх. Хамгийн ухаалаг зүйл бол ёс суртахуунтай хүн болохыг хичээх.
  • Миний хувьд мөрөөдөх гэдэг нь зүгээр л прагматик байхыг хэлнэ.
  • Хуучны хүмүүс газрыг шинжлэх ухаанаас илүү үнэлдэг. Гэвч бид хөгжил дэвшлийн гол эх үүсгүүр болсон шинжлэх ухааны эринд амьдарч байна. Өнөөдрийн глобалчлалын эринд зөвхөн газар дээрээ амьдрах нь ганцаардал авчрахаас цаашгүй.
  • Өөрөөсөө илүү том амьдрах шалтаг олоод түүндээ амьдралаа зориул.
  • Ойрх Дорнод шинэ болон хуучин аюул заналаар дүүрэн байна. Нэг талаасаа үүнийг дутуу үнэлээд хэрэггүй, нөгөө талаас хэт айж түгшээд хэрэггүй. Израйль өнөөдөр хэзээ ч байгаагүй хүчтэй улс болсон.
  • Бид өнгөрсөн түүхээсээ илүүтэй төсөөллөө илүү их ашиглах хэрэгтэй.
  • Ойрх Дорнодод хэн ардчиллын эсрэг байгааг мэдэж байна уу? Гэрийн эзэд, нөхрүүд. Тэд амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсэхгүй байна. Одоо уламжлалт амьдрал өөрчлөгдөх цаг нь болсон. Бүгд өөрчлөгдөх хэрэгтэй. Хэрвээ чи эмэгтэй хүнд тэгш эрх өгч чадахгүй бол өөрөө хөгжихгүй.
  • Би өглөө босоод ном уншдаг, өдөр нь амжвал бас уншина, орой бүр заавал уншдаг. Амралтын өдрүүдийг ихэнхдээ ном уншиж өнгөрөөдөг. Ном бол миний байнгын дагуул. Хэрвээ чи өдөрт гурван удаа хоолловол цатгалдана. Харин өдөрт гурван удаа ном уншвал ухаантай болно.
  • Ихэнх Палестинчууд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй. Улс төрийн шалтгаантай бол хүмүүс хүссэн зүйлээ хэлж чаддаг. Гэтэл тэдний асуудал улс төрийн биш, шашных байгаад учир нь байна.
  • Найз нартайгаа найрамдаад хэрэггүй. Хамгийн муу дайсантайгаа л найрамдах хэрэгтэй.
  • Израйлийн түүх хоёр хуваагддаг. Нэгд, бид бусдын довтолгооноос өөрсдийгөө хамгаалж байсан үе. Энэ үеийн үзэл санаа энх тайвныг хүсч байх үеийнхээс тэс өөр байдаг. Тиймээс дайсагнуулж байх үедээ чи шонхор шиг байж, энхийн цагт тагтаа шиг байх хэрэгтэй.
  • АНУ бол түүхэнд авах биш өгөх замаар хүчирхэгжсэн цорын ганц гүрэн. Миний бодлоор тэд санаанаас илүү мөнгөтэй болсон учраас хямарч байна. Мөнгө мөнгийг үйлдвэрлэхгүй. Санаа л мөнгө үйлдвэрлэдэг юм.
  • Телевиз бол дийлдэшгүй дарангуйллыг, бас тэвчишгүй ардчиллыг ч бий болгож чадна.
  • Миний бодлоор энх тайван зөвхөн төр хооронд биш, бас хүн хооронд тогтох ёстой. Фэйсбүүкээс өмнө ингэх боломжгүй байлаа.
  • Чи соёл иргэншил хэзээ эхэлснийг мэдэх үү? Толийг зохион бүтээсэн үеэс.
  • Израйльд цөмийн зэвсэгтэй болох санаа байхгүй. Гэхдээ хүмүүс түүнээс айж байвал яагаад болохгүй гэж? Энэ бол тогтоон барих хэрэгсэл.
  • Ойрх Дорнодын асуудал бол улс төрөөс илүүтэй ядуурал.
  • Египетийн хамгийн чухал эдийн засгийн салбар бол аялал жуулчлал. Бикини байхгүй бол жуулчлал байхгүй. Тиймээс тэд юу хийхээ шийдэх хэрэгтэй.
  • Жүүд хүмүүсийг удирдах хэцүү. Тэд бол нэгдмэл биш, зөрүүд, итгэл үнэмшил нь хэт хөгжсөн хүчтэй хувь хүмүүс.

ikon.mn

About Us

Recent

Random